NBA: Плей-оффын хоёрдугаар шат эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

NBA: Плей-оффын хоёрдугаар шат эхэллээ

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр эхэллээ. NBA-гийн энэ улирлын хоёрдугаар шат дорнод бүсийн “Индиана Пэйсерс” болон “Вашингтон Уизардс” багуудын тоглолтоор эхэлсэн. “Индиана Пэйсерс” багийн талбайд болсон энэхүү тоглолтод “Вашингтон Уизардс” 102:96 онооны харьцаатай хожлоо.

Харин өрнөд бүсийн хоёрдугаар шатны эхний тоглолт “Оклахома Сити Тандер” болон “Лос Анжелес Клипперс” багуудаар эхэлсэн. Эхний тоглолтод “ЛА Клипперс” 122:105 онооны харьцаатай “Оклахома Сити Тандер”-ыг хожлоо. “Оклахома Сити” багийн талбайд болсон энэхүү тоглолтод “ЛА Клипперс” багийн хамгаалагч Крис Пол найман удаа дараалан гурван онооны зайнаас  амжилттай довтолж, NBA-гийн плей-оффын дээд амжилт тогтоолоо. Өнөөдрийн тоглолтод Крис Пол тун сайн тоглож, 32 оноо авч, арван оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн юм. Мөн “ЛА Клипперс” багаас Блэйк Гриффин 23 оноо, Ж.Ж. Редик 12 оноо, сэлгээнээс Жамал Кроуфорд 17 оноо авсан байна. Харин өрсөлдөгч “Оклахома Сити Тандер” багаас Кевин Дюрант 25 оноо, Рассель Уэстбрүүк 29 оноо авсан ч талбайдаа хожиж чадсангүй.

NBA-гийн 2014 оны улирлын эхний шатнаас өрнөд бүсээс “Сан Антонио Спөрс”, “Портланд Трэйл Блэйззерс”, “Лос Анжелес Клипперс”, “Оклахома Сити Тандер” багууд шалгарсан. Өрнөд бүсэд плей-офф тун ширүүн өрнөж, “Хьюстон Рокетс” болон “Портланд” багуудаас бусад цувралын долоон тоглолт хийж, ялагчаа тодруулсан. Харин “Хьюстон Рокетс”, “Портланд” багууд цувралын зургаан тоглолт хийсэн.

Хоёрдугаар шатад өнгөрсөн жилийн өрнөд бүсийн аварга “Сан Антонио Спөрс” баг “Портланд”-тай, “Лос Анжелес Клипперс” болон “Оклахома Сити Тандер” учраа таарсан. Өрнөдийн бүсийн аваргын төлөөх өрсөлдөөн улам ширүүсэх нь тодорхой юм.

Харин дорнод бүсэд “Индиана Пэйсерс” болон “Атланта Хокс”, “Торонто Рапторс” болон “Брүүклин Нетс” багууд цувралын долоон тоглолт хийсэн. “Индиана”, “Брүүклин” багууд дараагийн шатад шалгарсан юм. Дорнод бүсийн эхний шатад өнгөрсөн жилийн NBA-гийн аварга “Майами Хит” баг “Шарлотт Бобкэтс”-ийг 4:0, “Вашингтон Уизарс” баг “Чикаго Буллз”-ыг 4:1-ийн харьцаатай хожсон юм. Хоёрдугаар шатад “Индиана Пэйсерс” болон “Вашингтон Уизардс”, “Майами Хит” болон “Брүүклин Нетс” багууд учраа таарсан юм.   

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж