Д.Эрдэнэбат: АН-ын байр суурь өөрчлөгдөөгүй

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: АН-ын байр суурь өөрчлөгдөөгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.


-Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл дээр яамдын тоог багасгах, бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан уу?


-Засгийн газар Төсвийн тодотголоор яамдын асуудлыг оруулж ирэх ёстой. Төсвийн тодотглоор яаж оруулж ирэх нь Засгийн газрын асуудал. Ер нь бол манай гишүүдийн олонхи нь Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, цомхон байх зүйл рүүгээ өөрчлөлт хийх ёстой юм биш үү гэсэн асуудлыг үүсгэж байгаа. Бүлэг энэ асуудлаар ярилцах ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ хугацааны хувьд яаж ярих вэ гэдэг нь хүлээгдэж байгаа зүйл гэж болно.


-Төмөр замын царигийн асуудлаар АН ямар байр суурьтай байгаа вэ. Өргөн, нарийн царигийг хоёуланг нь явуулах ёстой гэсэн тогтоол орж ирсэн?


-Төмөр замын асуудлыг УИХ шийднэ. Цаг хугацаа хүлээхгүй байгаа гэдгийг бүгд ойлгож байгаа. АН-ын бүлэг энэ асуудлаар хаалттай хуралдаж  шийдвэрээ гаргасан. Төмөр замын чиглэлээр хийгдэж буй хэлэлцээрүүдээ эрчимжүүлж, ойрын хугацаанд АН-ын бүлэгт оруулж ирж, төмөр замын  асуудалдаа цэг тавих ёстой гэдэг шийдвэр гаргасан.


-Сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Х.Баттулга сайдын асуудлаар бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?


-Х.Баттулга сайдын асуудлаар Засгийн газар өөрсдөө хуралдаж, гаргасан шийдвэрээ УИХ-д оруулж ирэх ёстой. Үүний дараа АН яах вэ гэдгээ ярина.


-Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлүүд Х.Баттулга сайдтай үргэлжлэх ёстой юу эсвэл хувь хүний шийдвэрийг хүндэтгэн үзэх үү?


-Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа шинэлчлэл олон байгаа. Гэхдээ Х.Баттулга сайд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас Засгийн газар нухацтай авч үзэх ёстой. Аливаа шинэчлэлийг цаашид үргэлжлүүлэх хүсэлт байна уу, үгүй юу гэдэг нь Х.Баттулга сайдаас өөрөөс нь асуух асуулт гэж бодож байна.


-АН-ын бүлэг зарим асуудал дээр байр сууриа нэгтгэсэн гэж та өмнө нь хэлж байсан ч байдал өөр байсан. Ер нь АН дотор үйл ойлголцол, фракциудын хагаралтай байна гэсэн хардлага төрөөд олон нийтэд байгаад байна?


-Бүлэг дээр "давхар дээл" тайлах хуулийн талаар Ерөнхийлөгчийн анх өргөн барьсан хувилбарыг дэмжинэ гэж бүгд байр сууриа нэгтгэсэн байсан. Харамсалтай нь эцсийн хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбар 180 градус эргэсэн. Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно, хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэж өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг дээр АН Ерөнхийлөгчийн анхны өргөн баригдсан төслийг дэмжинэ гэсэн байр сууриа хатуу илэрхийлсэн гэж ойлгож болно. Энэ асуудлаар далимдуулж Засгийн газрыг тогтворгүй болгох хөндлөнгийн өдөөлтөд АН орохгүй гэдгээ илэрхийлсэн. Цаашид ч орох ёсгүй. АН хэзээ ч 100 хувийн саналаар асуудлыг шийдэж байгаагүй. Зарим гишүүд өөр өөрсдийн үзлээр саналаа өгснийг би буруутгахгүй байгаа. Гэхдээ АН-ын гаргасан нэгдмэл байр суурь  эцсийн тусгал дээрээ АН-ын шийдвэр болж гарах ёстой гэдэг дээр АН бодлогоо баримтална.


-УИХ-ын гишүүн Р.Бурмаа намын жагсаалтын гишүүн. Түүнийг эсрэг санал өгсөн учраас намаас хөөх шийдвэрийг АН-ын Хяналтын ерөнхий хороо гаргасан. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд мөн намын жагсаалтын гишүүн байж эсрэг санал өгсөн. Тэгэхээр З.Энхболд гишүүн дээр энэ асуудал яригдах уу?


-Энэ бол намын асуудал. Намын асуудлыг бүлэг рүү татаж оруулж ирж болохгүй. Манай намын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр бол дүгнэлт. Шийдвэрийг намын ҮЗХ гаргадаг. Бид хэн нэгэндээ ял тулгах гэж энэ Засгийн газарт эрх барьж, олонхи болоогүй. Гэхдээ өөрсдийнхөө намын үзэл бодол, шийдвэрээ хүндэтгэж үзэх нь бидний хамгийн гол улстөрийн ноён нуруу байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Цаашид манай гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь тухайн хүмүүсийн асуудал болж үлдэнэ. Гэхдээ асуудал дандаа АН-ын шийдвэрээс гажаад явна гэж би бодохгүй байна. Бидэн дотор ойлголцох шаардлагатай зүйл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг бидний дотор үүссэн эвэлж болохгүй хагарал гэж асуудал руу түлхэх нь хөнгөн ойлголт гэж бодож байна.


-Х.Тэмүүжин сайдын асуудлаар АН завсарлага авсан. Өмнө нь гаргасан байр суурь өөрчлөгдөх үү?


-Х.Тэмүүжин сайдын асуудлаар АН-ын байр суурь хэвээрээ байгаа. Х.Тэмүүжин сайдын хувийн амьдрал руу орж байгаа зүйл сүүлийн үед олонтаа гарч байна. Үүний нотолгоо гарсан эсэхийг дахин нягталж үзээч гэж АН завсарлага авсан. Хэн нэгнийг гэм буруутай нь нотлогдоогүй байхад хариуцлага хүлээлгэх явдал байх ёсгүй гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгдсэн. Энэ асуудлыг энэ пүрэв гаригт хэлэлцэнэ, АН-ынхан хуучин байр суурин дээрээ байгаа.


-Сайд нарт хариуцлага тооцох асуудлыг сөрөг хүчний зүгээс тавьсан. Сайд нарт хариуцлага тооцох асуудал дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?


-Сайд нарт хариуцлага тооцох эрх нь Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдад байгаа учраас Ерөнхий сайдаас энэ асуултаа асуух хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж