АТГ-ын судалгааны дүнтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

АТГ-ын судалгааны дүнтэй танилцлаа

-Төрийн нарийн бичгийн дарга нарын дийлэхинь  төрийн өмчит компанийн ТУЗ-д харьяалагддаг нь тогтоогджээ-

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн судалгааны дүнтэй танилцлаа.


Тус газраас төрийн алба болоод төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниудад Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулиуд хэрхэн хэрэгжиж байгаад шалгалт хийж холбогдох дүгнэлт гаргаснаа ийн танилцуулав. Судалгаагаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын дийлэнх  нь төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажилладаг нь тогтоогджээ. Хамгийн дээд тал нь тав хүртэл төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байгаа бол хамгийн бага нь хоёр хүртэл төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладаг байна. Түүнчлэн зарим албан тушаалтны төрийн өмчит компанийн ТУЗ-ын хараат бус гишүүнээр ажиллаж байгаад нарийвчлан хянаж үзэхэд төрсөн хүүхдүүд нь тухайн чиглэлийнх нь дагуу компани эрхэлдэг байх нь Сонирхлын зөрчлийн хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа аж.

Тодорхой жишээ татвал, "Улаанбаатар цахилгаан сүлжээ" төрийн өмчит компанийн хараат бус гишүүн н.Хойлогийн хоёр охин нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанидаа, мөн хүргэн нь уг компанидаа ажилладаг. Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүн н.Лхагвасүрэнгийн хүү нь тухайн банкиндаа ажилладаг, Оюутолгой компанийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүн нь ашигт малтмалтай холбоотой компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон байгаа зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуулиудыг илүү боловсронгуй болгож, зөрчлийг арилгах шаардлагатайг харуулж байна гэж АТГ-ын холбогдох албан тушаалтан хэллээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Төрийн албанд ураг төрлийн холбоо сүлбээ хэрээс хэтэрч замбараагаа алдсан байна" гэж дүгнэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд "Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг Төрийн өмчийн хороо томилж явуулж байгаа нь хариуцлагагүй явдал. Үүнийг даруй засах ёстой. Мөн хуульд зааснаар төрийн албаныхан намаасаа татгалзсан байх ёстой. Гэтэл намын харьяалалтай хүмүүс нь төрийн алба хашиж байгаа нь аль нэг сонголтыг хийж нэг талдаа гарах ёстойг харуулж байна" гэсэн юм.

АТГ-ын хувьд дээрх судалгааг гаргахдаа төрийн албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлэг болоод Төрийн өмчийн хорооноос нягтлан авсан мэдээллүүддээ үндэслэж гаргасан юм байна. Чингэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ мэтчлэн алба хашиж байгаа нь авлига үүсэх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзжээ. Тиймээс тус байнгын хорооны хуралдаанд оролцсон нэр бүхий гишүүд "Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгч, ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаал хашиж байгаа хүмүүсийн асуудлыг даруй шийдвэрлэх ёстой" хэмээн үзсэн юм.  Үүний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Тээвэр Хөгжлийн Банк болон Инфрастракчер ХХК-ний ирүүлсэн албан тоотыг танилцуулах, ажлын хэсэг томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ.  

Хэлэлцэх асуудлаа ийн өөр байнгын хороонд шилжүүлсэн нь УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нараас гаргасан саналын хүрээнд тодруулбал, ирсэн маргаантай асуудал бүрийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх нь нэг талдаа Давж заалдах шатны шүүх болж хувирах байдал руу орж, үндсэн асуудлаасаа хазайна хэмээн үзсэнтэй холбоотой юм.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж