Обама, Медведев нар эдийн засгийн харилцаагаа хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Обама, Медведев нар эдийн засгийн харилцаагаа хөгжүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама,
Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нар хоёр улсын эдийн засгийн хамтын
ажиллагааг илүү хөгжүүлнэ гэж амаллаа. Түүний хамт Орос улс АНУ-гаас
тахианы мах худалдаж авдгаа сэргээх ба АНУ Орос улсыг Дэлхийн Худалдааны
Байгууллагад гишүүнээр элсэхэд туслахаар болов. 153 гишүүнтэй олон
улсын тус байгууллагад ОХУ одоогоор ажиглагчийн статустай байгаа юм.

Цагаан
Ордонд хэлэлцээр хийж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, АНУ-Оросын
бизнесийн зөвлөлийн уулзалтанд оролцож өдрийг зав муутай өнгөрүүлсэн
хоёр ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгч нарын үед сулраад байсан хамтын
ажиллагааг бэхжүүлэх болно гэж дахин дахин хэлж байлаа. Дэлхийн эдийн
засгийн хямрал, Умард Солонгос, Ираны цөмийн зэвсэгтэй болох санаархал
зэрэг асуудлууд АНУ-ОХУ хоёрыг XXI зуунд илүү сайн, нягт хамтын
ажиллагаа, харилцаатай байхыг шаардаж байна гэж Обама, Медведев нар
ярьлаа.

Обама Медведевийг “найдвартай түнш” гэж нэрлэсэн бол
Медведев “эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр улсын хооронд хөгжих
чиглэлдээ байна” гэж ярьсан. ОХУ АНУ-ын тахианы махан бүтээгдэхүүний гол
импортлогч орнуудын нэг хэдий ч АНУ-д мах угаахдаа хлорин хэрэглэдэг
болсонтой холбоотойгоор ОХУ энэ оны эхээр АНУ-ын тахианы махны импортонд
эрүүл ахуйн үүднээс хориг тавьж, Орос руу оруулахыг нь хориглосон юм.
Бусад асуудлуудын тухайд гэвэл өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж
улс НАТО-гийн гишүүн болох гэж байгаа асуудал болон Орос улс Өмнөд
Оссетийн өөртөө засах эрхийг дэмжиж байгаа асуудлын талаар хоёр улс
ялгаатай байр суурьтай байгаа гэдгийг ерөнхийлөгч нар хүлээн зөвшөөрсөн
байна.

АНУ Афганистаныг тогтвортой болгох зорилт тавин ажиллаж
байгааг ОХУ дэмжиж байгаа, тус улс тогтвортой засгийн газартай болж,
эдийн засаг нь хөгжсөнөөр ЗХУ 1980-аад онд цэргийн хувьд тийшээ оролцсон
шиг явдал дахин тохиолдохгүй болно гэж Медведев ярьсан байна.

Цагаан
Ордонд айлчахын өмнөх өдөр Медведев Калифорни мужаар айлчилж “Cisco
Systems” компанид айлчилсан бөгөөд тус компани Орост төсөл хэрэгжүүлэхэд
нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа
зарласан байна. Тэндээс Медведев анхныхаа “Twitter” мессежийг бичсэн.
Өчигдөр Цагаан Ордонд Ерөнхийлөгч Обама өөрт нь мөн “Twitter” хаяг
байгаа бөгөөд энүүгээр харилцаж болох юм бол ерөнхийлөгчийн өрөөнд
байгаа улаан утсыг гаргаад хаячихъя гэж хошигножээ. Хүйтэн дайны үед
Кубын пуужингийн хямралын үеэр анх Цагаан Ордон, Кремлийг шууд холбосон
улаан утас тавьсан бөгөөд цөмийн сөргөлдөөний үед дээрх утсаар удирдагч
нар холбогдон шаардлагатай яаралтай зөвлөгөөн хийдэг байсан байна.
Уулзалтын үеэр Обама Медведевийг бургерээр дайлсан бөгөөд төлбөрийг нь
өөрөө төлсөн гэнэ.

Т.Бадрах
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж