Аялал жуулчлалын өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын өдөрлөг боллоо

Дорнод аймагт энэ сарын 18-19-нд “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдрүүд” сэдэвт  өдөрлөг боллоо. Уг өдөрлөгийг тус аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Хөрш зэргэлдээ гурван улс болон зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж” онол практикийн бага хурал, “Монгол туургатны үндэсний хувцасны баяр”, “Хөрш гурван улсын бүс нутгийн бизнес” үзэсгэлэн худалдаа гэсэн цогц байдлаар олон нийтэд хүргэсэн байна. Өдөрлөгт ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын гадаад эдийн засаг, харилцаа, аялал жуулчлалын дэд сайд Эрдынеев Арсалан Цыпылович, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Тамгын газрын дэд дарга Лиү Жаокуй тэргүүтэй төр, бизнес, урлагийн 200 орчим төлөөлөгч, Монголын талаас Аялал жуулчлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн болон Хэнтий, Сүхбаатар аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын  удирдлагууд, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид оролцжээ. Энэ үеэр  “Дорнод аймгийн түүх, соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын нөөц боломж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд “Зүүн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого” сэдвээр АЖҮТ-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, “Зүүн бүсийн аялал жуулчлалын маршрут” сэдвээр Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга Ш.Ганбат, “Зүүн хойд Азийн аялал жуулчлалд Монгол, ОХУ, БНХАУ-ын бүс нутгууд оролцох, хөгжүүлэх боломж” сэдвээр МУБИС-ийн багш Ө.Амгалан, “XI зууны Кидан улсын үеийн Хэрлэн бар хотын туурь, Тугийн сүмийн судалгаа, аялал жуулчлалд ашиглах нь” сэдвээр ИЗИС-ийн багш н.Энхболд, “Мэгжид Жанрайсаг Их бурхантын судлал” сэдвээр СӨТ-ийн судлаач н.Энхбат болон хөрш аймгийн төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Хил орчмын аялал жуулчлал болон түүх соёлын дурсгалт газруудад түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Дорнод бүсийн аялал жуулчлалын төлөвлөлт, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлсэн эдгээр илтгэл, судалгааны ажлыг удирдлага болгон хурлаас санал, зөвлөмж боловсруулан БОАЖЯ, Зүүн бүсийн зөвлөлд ирүүлсэн. Цаашид энэ бүсийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын зах зээлтэй Монголыг шууд холбох үүд хаалга болгох зорилт тавьж байна. Үүний тулд дорвитой судалгаа шинжилгээ хийж, оновчтой менежмент сонгох хэрэгтэйг оролцогчид онцолсон аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж