Уг нь энэ Засгийн газрын оруулж ирээд хэлэлцүүлж байгаа хувилбарыг огт буруу, муу, хүлээж авах боломжгүй гэж бүгд хэлээгүй л дээ. Өөр санаа бодолтой төрийн түшээд байгаа. Тэд санаа бодлоо хэлсэн. Олон нийтийн хувьд бол аль аль талыг нь сонсох хүсэлтэй байгаа нь мэдээж. Ингэх нь ч зөв. Бүгдээрээ хэлэлцээд хамгийн зөв, боломжит хувилбарыг сонговол улс оронд маань хэрэгтэй. Засгийн газар ч бас үүнийг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хугацаа шахан заавал баяр наадмаас өмнө тогтоолоо батлуулах гэж хичээж байгаа нь сөрөг үр дагаваргүй гэж үү. “Таван толгой”-г эзэмшихэд яараагүй монгол хүн байхгүй. Засгийн газар ч зунжин амарч суухгүй, ажиллая л гэж УИХ-ыг шамдуулж байна гэж ойлгоё.
Гэхдээ Засгийн газрын арга барилд хүлээж авахад хэцүү нэг зүйл байна. “Таван толгой”-г ил тод, нээлттэй, бүгд хэлэлцэж шийднэ гэж Засгийн газар тунхаглаж байгаа. Гэсэн хэрнээ өөр санаа бодолтой хүмүүсийн үг яриа олон түмэнд хүрэх боломж байдаггүй. Албан, албан бус механизмууд ажиллаад таг болгов. Ингэх тутам олон түмэн засаг төрд итгэх итгэлгүй болно шүү дээ. Ийм нөхцөлд ард иргэддээ “өсгөөд өгнө эрхийг нь өгчих” гээд байгаа “Таван толгой”-г хамгийн зөв хувилбараар шийднэ гэж хэн итгэх юм бэ. Эрхэм ерөнхий болоод бусад сайдууд энийг ойлгохгүй байна гэж үү. Эсвэл ингэж шийдсээр байгаад уламжлал болсныг үргэлжлүүлэхээр шийдэв үү.