&#34Баялаг бүтээгч залуу малчин&#34 зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

&#34Баялаг бүтээгч залуу малчин&#34 зөвлөгөөн болно

Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 9, 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөгөөн болно. Зөвлөгөөний талаар Ерөнхий сайдын зөвлөх М.Хүрэлбаатар, ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, “Монгол малчин” мэдээллийн агентлагийн захирал Б.Олзвой  нар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэхүү зөвлөгөөнд улсын хэмжээний залуу малчдын төлөөлөл болох 360  залуу оролцох юм байна. Зөвлөгөөнөөр дамжуулж залуу малчдын төлөөллийн үндэсний сүлжээ бий болгох зорилготой байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Өнөөдөр 15-34 насны нийт залуучуудын 10 хувь буюу 110 орчим мянган залуус мал маллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд малчин залуучуудын тоо буурах хандлагатай болж байгаа нь цаашид мал аж ахуйн салбарт ажиллах хүчин хомсдох, нүүдэлчдийн өв соёл, ёс заншил мартагдах, нутаг орон эзэнгүйрэх, төвлөрөл дагасан ажилгүйдэл нэмэгдэх мэт сөрөг үр дагавартай байгаа аж. Тиймээс залуу малчдын тоо цөөрч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, зөв гарцыг тодорхойлон үр дүнтэй ажлууд зохион байгуулах шаардлагатай байгаа юм байна. “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөгөөн нь залуу малчдын нэр хүндийг өсгөх, урам өгөх, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой гэнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж