Тендерийн гомдол ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Тендерийн гомдол ихэсчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т тендерийн будилаантай холбогдох гомдол сүүлийн дөрвөн сард ихсэх болсон байна. Өнгөрсөн жилийн хувьд ШӨХТГ тендертэй холбоотой 23 гомдлыг хянаж, шийдвэрлэсэн бол 2014 он гараад өнөөдрийн байдлаар 32 гомдол ирсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад есөн гомдлоор их байгаа ажээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгөөс тодрууллаа.

-Эдгээр 32 тендерийн гомдолд ямар зөрчил гаргасан байсан юм бэ?

-Манай агентлагийн хяналт тавьж, зохицуулдаг асуудлын нэг бол төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийх худалдан авах ажиллагаа буюу Тендерийн хуулийн хүрээнд хяналт хийх юм. Энэ хуулиар бол тендерт оролцогсод тендерийн баримт бичгийг худалдан авч, сонгон шалгаруулалтдаа бэлтгэдэг. Эдгээр гомдлыг хянаж үзэхэд тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчлийг илрүүлсэн. Тендерийн захиалагч нар төрийн байгууллага бөгөөд илт өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй байсан юм. Тодруулбал, тендер сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт нь өндөр байсан. Үүний улмаас тендерт оролцогч, өрсөлдөгчдийн тоо багасч, өрсөлдөөн арилдаг сөрөг талтай. Хоёрдугаарт, тендерийн баримт бичгийг боловсруулахад ямарваа аж ахуй эрхлэгчийн барааны тэмдэг, нэрийг тусгайлан заах хориотой байдгийг зөрчсөн байсан.

-Мөнгөн дүнгээр илэрхийлвэл хэдий хэмжээний өртөгтэй тендерт гомдол гарав?

–Бид гомдлын мөрөөр Тендерийн тухай хуулийг үндэслэн хяналт шалгалт явуулахад, нийт 20 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зөрчилтэй гарсан байна.

-Одоо энэ бүх гомдлыг шийдвэрлэсэн үү?

-Нийт 32 гомдол ирснээс бид нэгийг нь шалгаж байна. Бусдыг нь хянан үзээд шийдвэрлэсэн бол 13 компанитай холбогдох тендерийн гомдлыг арилгаж чадаагүй. Учир нь тендерийг нээлтээ хийчихсэн, бичиг баримтаа дэлгэсэн байсан учраас үүнд ямарваа хариуцлага тооцох боломжгүй болсон.

-Дахин ийм асуудал гаргахгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Нэгэнт олон нийтэд задарчихсан, нээлтээ хийсэн тендерт бид хяналт хийж, гэрээнд нь өөрчлөлт хийх боломжгүй. Тиймээс тендерийг  нээлтээ хийхээс нь өмнө аж ахуйн нэгж, хуулийн этгээд бидэнд гомдол ирүүлж, хяналт хийлгэх боломжтой гэдгийг сануулъя.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж