-Зураачид “Аялгуут солир” үзэсгэлэндээ урьж байна-
Хайртай хосуудын шөнийн жаргал, оргил үеийн тухай дүрслэл, өнгийг суут Шопены хөгжим сонсч байгаад зурсан. Тэр бол уран зурагт хандах өөрийн гэсэн өнцөг, арга барил, сэтгэлгээтэй зураач О.Дарамбазарын “Ноктюрн” гэдэг улаан зураг. Бас нэгэн зөөлөн, тансаг, илээд авахад ч хайран нандин өнгө бүхий “Ноктюрн” хэмээх бүтээл өмнө минь байна. Тэр бол бидний мэдэх “Урбанек” компанийн захирал Б.Лхагважавын зурсан зураг. Энэ хоёроос гадна 34 гоё бүтээл бүхий “Аялгуут солир” үзэсгэлэн өнөө үдэш “Blue mon” галерейд нээгдэх юм. Үзэсгэлэнгийн нэрийг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан өгсөн гэж болно. Яагаад гэхээр тэрбээр тэдний нэгэн зурагт ийм нэр өгсөн юм.
Варшав хотын Урлагийн академийн төгсөгч, бүтээл туурвилын 40 гаруй жилийн замналтай өвөрмөц зураач болон мөн Польш улсад суралцаж төгссөн, эдүгээ бизнес эрхлэгч, улстөрч хоёр, суут хөгжмийн зохиолч Ф.Шопены хөгжимд зураг зурж буй тухай сураг түрүү жилээс дуулдаж байсан бол өгөө олны хүртээл болох нь ээ. Үзэсгэлэнд 36 бүтээл дэлгэж буйн 27 нь О.Дарамбазарын бүтээл, харин ес нь Б.Лхагважавынх. Ф.Шопены хөгжим, энэ хоёр залуугийн зураг, дээр нь яруу найрагч, соёлын гавьяат зүтглтэн Ц.Хулангийн, эдгээр зургийг харж, хөгжмийг сонсч байгаад тэрлэсэн шүлгийн мөрүүд гэсэн нийлмэл урлагийн онцгой содон үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөдорой бүр төгөлдөр хуурчид тоглолт хийж, ирсэн зочидтой хөгжим, зураг, яруу найргийн тухай ярилцах үдэшлэг зохион байгуулахаар үзэсгэлэн онцлог. Сэтгэл гижигдсэн энэхүү үзэсгэлэнгийн талаар Урбанек” Б.Лхагважавтай ярилцсан юм.
-Санаснаа хэрэгжүүлж үзэсгэлэнгээ гаргаж буй танд баяр хүргэе. Хөгжим, уран зураг, яруу найраг хамт гэхээр нэг л сайхан орчин хүлээж байгааг мэдрээд байна…
-Баярлалаа.
-Таны хэдэн жилийн мөрөөдөл биелэх гэж байна вэ?
-Энэ бол зураач О.Дарамбазар бид хоёрын хамтарсан үзэсгэлэн юм. Зураач Дармаа ах бол 1981 онд Варшавын Урлагийн академийг зураач мэргэжлээр төгссөн уран бүтээлч. Бид хоёр хамтарч суут хөгжмийн зохиолч Ф.Шопены бүтээлүүдэд зураг зурсан юм. Ингэж үзэсгэлэн гаргадаг нь уран зураг, сонгодог хөгжим, яруу найраг гурвыг нэг орон зай, нэг цаг хугацаанд уулзуулах орчин бүрдүүлэх гэж оролдсоных. Хүн төрөлхтний гайхамшиг болсон Ф.Шопен гэж хөгжмийн зохиолчийн агуу бүтээлүүдийг эх орондоо эгшиглүүлж байх, төгөлдөр хуурч залуусын ур чадварыг сайжруулах, Төв Азийн тухайд Монгол Улсаа Ф.Шопены нэрэмжит олон улсын уралдаантай байлгах гэсэн сэтгэл, сэдлээр цаг заваа зарж уралдаан зохион байгуулдаг болсон маань ч энэ л зориод байгаа зүйлийн маань нэгээхэн хэсэг юм.
-Та Шопены хөгжимд дурласан, түүнийг бүх талаар судалж, урлагийн бусад төрөлтэй хамтад нь мэдэрье гэсэн их нарийн хүсэл юм аа?
-Тийм ээ. Зөвхөн өөрөө сонсоод таашаагаад байхбиш, бусадтай хуваалцаж амьдралд гэрэл нэмэх гэсэн санаа. Ер нь зургийн ертөнцийг өөрийн биеэр мэдэрье гэж бодсон л доо. Тэгээд жил гаруйн өмнө “Би зураг зурж оролдмоор байна” гэж О.Дарамбазар зураачид хэлж, тусалж дэмжээч, багш минь болооч гэж санал тавьсан юм. Тэгэхэд багш, тэгвэл би чамд энд заадгаас өөр аргаар зураг яаж зурахыг заая гэсэн. Хоёулаа бодит зураг зурахгүй, харин хүний дотоод сэтгэлийг өнгөөр яаж илэрхийлж болох вэ, тэр талд ажиллана гэсэн. Тэгээд л эхэлсэн. О.Дарамбазар зураачийн өнгөний тоглолт, сэтгэлгээ нь их сонин. Зарим талаар манайхан уран бүтээлчдийг нэр цол, гуншингаар нь дагаж үзэж, сонсох гээд байдаг. Гэтэл бас ч гэж тийм биш юм. Манай багш бол зургийг арт, урлаг гэдэг талаас нь хардаг, түүнээс биш худалдаа, үйлдвэрлэл талаас хардаггүй. Тиймдээ ч зарим талаар нэлээд дарагдаж явсан байж магадгүй гэж боддог юм. Түүний “Дэлхий ээж” гэдэг зураг бий. Түүнээс нь үүдэж Мэнд-Ооёо гуай “Дэлхий ээж” дууныхаа үгийг бичсэн. 1982 онд зурсан “Дуудлага” гэдэг зураг нь олон улсын шагнал аваад, Япон руу явж байсан. Тэр зураг нь одоо Японд бий. Их мундаг график. Миний бодлоор энэ зураг нь манай БОЯ-ны бэлгэдэл болохоор ч бүтээл харагддаг. Ийм мундаг бүтээлүүдтэй зураач. Би үүнийг нь мэдэнгүүтээ түүгээр хичээл заалгахын зэрэгцээ өөрийг нь тэсэлье гэсэн санаагаар хамтарч ажиллая гэсэн юм. Зураачид дөч гаруй жилд хуримтлагдсан юм их гэхээр ямар их байж таарах вэ. Тэгээд өнгөрсөн зуны долдугаар сард би “Хоёулаа уртын дуунд зураг зуръя” гэсэн юм л даа. Би уртын дуу судалдаг, мэднэ тийм ээ. Тэгсэн Дармаа ах “Арай хайрцаглагдаад байна аа. Үгтэй болоод ирэхээр үгийнхээ утгад баригдаад байх юм байна” гэсэн. Тэгэхэд ь Шопены бүтээлд зуръя гэснээр өнгөрсөн жилийн долдугаар сараас ажлаа эхэлсэн. Хөгжимд зураг зурах гэдэг хүнд, сэтгэлгээний ажил юм билээ. Тэгэхээр нь хамгийн энгийн этюдээс эхэлье гэж ярилцсан. Шопены 24 этюд алдартай. Тэдэнд эхэлж зураад яваандаа ноктюрн, баллада руу нь оръё гэж тохироод зурсан. Үүний маань үр дүн 36 зургаар үзэсгэлэн гаргаж байгаа юм. Эхэлсэн ажил маань чухам юу болсныг үзэсгэлэнд ирж харахыг урьж байна.
-Үзэсгэлэнгийн нээлтийг тэсэн ядан хүлээж байна. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин