Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнгөрсөн сард Эрдэнэт хотод болсон. Уг шуурхай зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, хэтийн төлөв, салбарын 2013 оны санхүү, эдийн засгийн дүн, цаашдын төлөв, үнэ тарифын бодлого, салбарт хэрэгжиж байгаа мега төслүүдийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэг хийж, цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар албан даалгавар гаргасан юм.
Шуурхай зөвлөгөөний үеэр гарсан санал шүүмжлэлд үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж дэмжлэг, хүсэлт, уриалга тус тус хүргүүлэхээр болсныг өнгөрсөн долоо хоногт эцэслэн боловсруулж албан бичгээр хүргүүлжээ.
Монгол Улсын Засгийн газарт хандаж, салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах үүднээс хийхээр төлөвлөж байгаа эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, дулааны эрчим хүчний үнэ тарифын ангиллыг хэрэглээний онцлогтой уялдуулан өөрчлөх, айл өрхийн халаалтын тарифыг үе шаттайгаар бодит өртөгт ойртуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Мөн эрчим хүчний компаниудын тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааны өртөг тус бүрээр нь өртөг зардлыг тооцсон менежментийн шинэ арга барил нэвтрүүлэхэд хөшүүрэг болгох, цахилгаан эрчим хүчний бөөний худалдаа болон хэрэглэгчдийг хангах үйл ажиллагааг зах зээлийн зарчимд шилжүүлэх, хангагчийг өрсөлдөөний орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газрыг дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсч байгаа юм.
Тухайлбал, Монголбанкинд хандаж, “Үнэ тарифыг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын санхүү, эдийн засгийн чадавхийг хангах, нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2013 оны долдугаар сард арилжааны банкуудаар дамжуулж авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг 24 сар болгож сунгах хүсэлт тавьжээ.
Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж, эрчим хүчний үнэ тарифыг бодит зардалд тулгуурлан тооцож, өртөгөө бүрэн нөхөх тарифыг энэ сардаа багтааж батлан мөрдүүлэх, үнэ тарифын бодлогыг оновчтой болгох үүднээс эрчим хүчний үнэ тарифыг тооцохдоо хөндлөн татаасыг арилгах, үнийн олонлигийг бий болгох, чадлын тарифыг 2014 оноос мөрдөж эхлэх, хувилбарт тарифуудыг санал болгох зохион байгуулалтын аргах хэмжээ авах, эрчим хүчний салбарт хэрэжиж байгаа мега төслүүд, томоохон эх үүсвэрүүдийн үнэ тарифыг төрийн захиргааны төв байгууллагын санал, эрчим хүчний бодлоготой уялдуулан тогтоохыг хүсч уриалга мөн гаргаад байгаа юм. Энэ бүхнийг хэрэг болгож чадвал эрчим хүчний салбар нь чөлөөт зах зээлийн зарчимд нийцэн ажиллах боломж нөхцөл бүрдэнэ хэмээн тооцож байна.
Г.НАРАН