Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газарт тендерийн будилаан, орон сууцны м/кв-ын хэмжээг дутаадаг барилгын компаниудын зөрчил, интернэт, телевиз, суурин утасны гурвалсан үйлчилгээний IPTV, шатахуун импортлогч компаниуд тохиролцон үнээ нэмсэн асуудал, том үйлчилгээний газруудын 00-ыг төлбөргүй болгох зэргээр гомдол ирсэн байна. Эдгээр асуудлаас зарим нь он дамнасан зөрчил бөгөөд одоог хүртэл бүрэн шийдэлд хүрээгүй ийнхүү яригдсаар байгаа юм. Үүнээс хамгийн ихээр хэрэглэгчдийг хохироодог асуудлыг өнөөдрийн хурлаар онцоллоо.
Барилгын компаниудын хувьд, иргэдэд худалдаж буй орон сууцныхаа м/кв-аас дутааж, худалдаж байгаа талаарх гомдлыг иргэд өнгөрсөн жилээс хойш их гаргах болсон. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны арванхоёрдугаар сараас хойш 50 орчим барилгын компанид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар 560 гаруй иргэний орон сууцны м/кв-аас 4-20 метр талбайг дутаасан буюу гурав орчим тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүний 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг “Тайгам Алтай”, “Тектоник”, “MD top” гэсэн гурван том компани учруулсан тул тус бүрт 10 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Зөрчилтэй гэж тогтоогдсон нийт 50 орчим барилгын компаниас одоогийн байдлаар 26 орчим нь иргэдийн хохирлыг барагдуулсан ажээ.
Харин хамгийн их зөрчилтэй нь тогтоогдсон гурван том компани иргэдийн хохирлыг барагдуулсан эсэх талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулахад “Тайгам алтай, Тектоник компаниудад тавьсан улсын байцаагчийн торгуулийн хариуцлагад зарга үүсгэж, шүүхэд мэдүүлсэн байсан. Хан-Уул дүүргийн Шүүх болон Захиргааны хэргийн шүүхэд компаниудыг торгох шаардлагыг эхэндээ баталгаажуулсан ч торгуулийг шүүгч нар нь хүчингүй болгосон байна. Тиймээс бид нэр бүхий шүүгчдийг Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, шалгуулахаар өгнө” гэсэн юм.
У.БОЛОР