БНСУ-ын Бусаны олон улсын 18-аар кино наадмын “Шинэ давалгаа” уралдааны гран при шагналт, найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино 2014 оны дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 4-ны хооронд зохион байгуулагдсан “Moovee” олон улсын кино наадамд оролцжээ. “Алсын Удирдлага” бүтээл тус наадмын хүрээнд дөрвөн удаа үзэгчдийн хүртээл болсноос гадна наадмын шилдэг киног тодруулах уралдаанд нэр дэвшин оролцсон байна. Тус наадам нь анх дэлхийн сор болсон Ази, Африк, Латин Америкийн шилдэг киног Бельгийн үзэгчдэд хүргэх зорилготойгоор 1984 онд “Nova Film Festival” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Харин 2013 оноос тус наадмын нэрийг “Moovee” хэмээн өөрчилсөн бөгөөд өнгөрсөн онд наадмын 180 гаруй үзвэрийг 18,500 үзэгчдийн хүртээл болгож байсан удаатай.
Уг уралдаанд 2014 оны Роттердамын олон улсын кино наадмын тэргүүн шагналт Han Gong Ju, 2014 оны Берлийн олон улсын кино наадмын “Мөнгөн баавгай” шагналт “Blind massage”, “Болор Баавгай” шагналт “Ciencias naturals” болон 2014 оны Истанбулын олон улсын кино наадмын Туркын Шилдэг Кино шагналт “I am not Him” болон Торонто, Венец, Хон-Конгын олон улсын кино наадмуудад шилэгдэн оролцсон 10 шинэ уран бүтээлүүдтэй “Алсын Удирдлага” бүтээл өрсөлджээ.
“Алсын Удирдлага” кино нь одоогийн байдлаар Бусан, Сөүл, Роттердам, Гётеборг, Вильнюс, Вашингтоны олон улсын кино наадмуудад оролцсон бөгөөд тавдугаар сарын сүүлчээр АНУ-ын Сиетлийн олон улсын кино наадамд оролцох юм. Мөн долдугаар сараас Мюнхен, Лондон болон Варшавын олон улсын кино наадмуудад ч оролцох урилгаа албан ёсоор хүлээн аваад байгаа гэнэ.
Харин Монголд “Алсын удирдлага” бүтээл хамгийн бага үзэгчидтэй, хамгийн бага борлуулалттай бүтээлүүдийг тэргүүлсэн билээ.
Э.ТЭКҮ