УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ хүрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонссон байна. Бүлгийн гишүүдийн хувьд "Уул уурхайн салбар Монгол Улсын хөгжлийг түргэтгэх голлох салбар болж байгаагийн хувьд металынхаа төрөл зүйл бүрээр бодлого боловсруулж батлуулах ёстой" хэмээн үзжээ. Уул уурхайн сайд эл асуудлыг Ашигт малтмалынхаа тухай хуульд заалт хэлбэрээр оруулах боломжтой хэмээн үзсэн байна.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого аж. Уг бодлоготой холбоотойгоор Зам тээврийн сайд А.Гансүх мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгчээ. Мөн төмөр замын салбарт хэрэгжиж байгаа бодлоготой холбогдуулж, нууцын зэрэглэлд мэдээлэл сонссон болохоо тус бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо.
Сүүлийн үед маргаан дагуулж буй асуудал нь шинэ төмөр зам барихад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банк болоод Чингис бондын санхүүжилтээс гаргаж өгсөн, өгөөгүй тухай юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд тодорхой хөрөнгийг шинэ төмөр замд зориулж өгсөн гэж мэдэгдэж байгаа бол Зам тээврийн сайд А.Гансүх "Н.Батбаяр сайдын хэлсэнчлэн тийм их хэмжээний санхүүжилт аваагүй" гэж няцааж буй. Үүний цаана шинэ төмөр зам барих ажил урагшилж чадсан уу гэх асуултыг дагуулах болсон. Энэ талаар Зам тээврийн сайдаас лавласан эсэхийг тодруулахад бүлгийн дарга Н.Батцэрэг "Зам тээврийн сайдын хэлснээр шинэ төмөр зам төсөлд 20 хэдэн сая ам.долларыг авсан юм билээ. Үүгээр бол төмөр замын ажил даацтай явж чадаагүй болов уу гэх дүгнэлт хийхэд хүргэж байгаа" хэмээн хариуллаа.
Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг огцруулах эсэх асуудалд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ямар байр суурь баримталж байна вэ гэсэн асуултад тэрээр "Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт дээрх асуудал багтаагүй байгаа. Гэхдээ асуудал Байнгын хороогоор хэлэлцэгдэж эхлэхэд ямар шалтгаанаар ажлаа өгөх болов. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарыг хариуцах хугацаандаа ямар ажил хийв гээд асууж тодруулах зүйл олон бий. Түүний дараагаар шаардлагатай гэж үзвэл бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан, асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.
Г.ДАРЬ