Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулахаар тохиролцжээ.
Хоёр орны яам хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн менежмент, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, протез ортопедийн асуудлууд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, нийгмийн даатгалын асуудлаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг НХХ-ийн Дэд сайд Д.Нямхүү, Германы ХНХЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Др.Ралф Брауксипед хүсэлтээ илэрхийллээ.
Харин Германы тал уг саналыг дэмжин хүлээн авч, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг эцэслэн тохиролцох зорилгоор ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ оны 9 дүгээр сард албан ёсны айлчлал хийхээр тохиролцсон байна.
Түүнчлэн, НХХ-ийн Дэд сайд Д.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестаг (парламент)-ийн зарим гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийж Монгол-Германы харилцаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын асуудлаар санал солилцов.
Бундестагийн гишүүд хоёр орны нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа өргөжин шинэ шатанд гарч байгааг онцлож, цаашдын үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэхийн зэрэгцээ Монголын талаас тавьсан саналуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт болон протез ортопедийн хэрэгслийн үйлдвэрлэлд шинэ арга барил, сүүлийн үеийн шилдэг технологийг ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр хэд хэдэн төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн нь үр дүнтэй боллоо хэмээн талууд дүгнэж байгаа ажээ.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Б.Даваадорж маш их зүтгэл гаргасан бөгөөд цаашид хоёр орны хооронд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.