Б.Билигүүн: Санаачил, хэрэгжүүл, манлайл

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Б.Билигүүн: Санаачил, хэрэгжүүл, манлайл

Монголын үүрэн холбооны  шилдэг оператор “Юнител” корпорацийн Ерөнхий захирал Б.Билигүүнтэй ярилцлаа.

-“Юнител” үүрэн холбооны зах зээлд шинэлэг үзэгдэл болсон билээ. Тод ногоон эмблемтэй танай компанийн шинэхэн үйлчилгээ дөрвөн жилийн өмнө хэрэглэгчид хүрч эхэлсэн тэр үеийн үүрэн телефоны зах зээлийг өнөөгийн зах зээлтэй харьцуулахад ямар ялгаа харагдаж байна вэ ?

-“Рокмон” барилгын нэгдүгээр давхарт анх салбараа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тухайн үедээ л ойрд тэгж бужигнаагүй  олон хүнийг цуглуулж байлаа. Тэр үеийн зах зээлд хэрэглэгчийн тоо цөөхөн байсан. “Мобиком”, “Скайтел” гэсэн хоёр л оператортой, нийлээд 500 гаруй мянган хэрэглэгчтэй  байсан үе. Тэгвэл өнөөдөр бүх оператор нийлээд Монгол орон даяар 1.7 сая хэрэглэгчтэй болсон. Тэр үеийн үнэ тариф одоогийнхоос зарим тохиолдолд 5 дахин үнэтэй байсан шүү дээ. Өнөөдөр бол зарим оператор сүлжээндээ үнэгүй яриулж байна. Манай компанийн үйлчилгээний хувьд ард түмэн гар утсыг нийтээрээ хэрэглэх бололцоог нээж өгсөн. Олон нийтэд зориулсан боломжит үнийг анх санал болгосон гэсэн үг. Тухайн үед бид хэрэндээ л  шилдэг санаа, санаачилга гаргаж, хөрөнгө оруулалтыг ухаалаг хийж, зардлаа бууруулж чадсан. Үүнийхээ дараа үнэ тарифынхаа бодлогод нухацтай хандаж, аль болох хэрэглэгчдэд тааламжтай байлгахыг эрмэлзсэн. Ашиг орлогын тухайд бол тэр үеийн оператор компаниудтай ижилхэн түвшинд байсан.

Харин өнөөдрийн зах зээл тэр үеийнхээс өөр болсон байна. Зарим оператор компани өөрийнхөө өртгөөс доогуур үнээр үйлчилж эхэллээ. Илт өрсөлдөөн өрнөж байна гэсэн үг. Үнэ хямдарсан боловч компанийн ашгийн бууралтыг хэрэглэгчийн өсөлт нөхөж байгаа учраас бүх компани ашигтай ажилладаг. Ер нь сүүлийн үед өрсөлдөөн нэлээд ширүүсэхийн хэрээр хэрэглэгчийн тоо ч нэмэгдэж байна. Одоо гар утасгүй хүн бараг байхгүй боллоо шүү дээ. Найман настай хүүхдээс авахуулаад бүгд л гар утастай. Монголын хүн амын 80 гаруй хувь нь гар утас хэрэглэх болсон нь Азидаа өндөр үзүүлэлт юм. Европын өндөр хөгжилтэй орнуудад энэхүү үзүүлэлт 100 хувь болчихсон байдаг. Манайд ч бас ялгаагүй хүмүүс хоёр, гурван утас барих болжээ. Ийм давуу талууд, өөрчлөлт зах зээлд маань бий болж байна.
Сүүлийн жилүүдэд манай компани хөдөө орон нутагт сүлжээгээ хурдацтай оруулж байгаа. Урьд нь хөдөө явлаа л бол “амьдралаас тасраад” , холбоо барих боломжгүй байсан бол одоо хөдөө ч , гадаадад ч бай монголчууд маань гар утаснаасаа уяатай явдаг болж.

-“Юнител” үйл ажиллагаагаа эхлэхдээ олон нийт, масст зориулсан маркетингийн бодлого баримталснаар тухайн үеийн үүрэн телефоны зах зээлийн хандлагад өөрчлөлт оруулсан гэж ойлгож болох уу?

-Тухайн үед бололцоотой, боломжтой хүмүүс нь гар утас хэрэглэдэг байсан. Мобиком 10 жил, Скайтел 7 жил үйлчилгээ явуулчихсан үе. Тэдний хэрэглэгчид “урваж”, бидний үйлчлүүлэгч болно гэдэг амаргүй асуудал болохоор “Юнител”-ийн хувьд утас хэрэглэдэггүй хүмүүс, мөн тухайн үеийн үнэтэй үйлчилгээг аваад ярьж чаддаггүй тийм хүмүүс рүү их анхаарлаа хандуулсан. Тэр зах зээлд зориулж сүлжээ харгалзахгүй нэг үнийн тариф нэвтрүүлэх гээд олон шинэлэг боломжийг санал болгосон болохоор амжилт олсон гэж ойлгодог. Үүнээс гадна нэмэлт үйлчилгээнүүдээ бид цуг, цогцоор нь  нэвтрүүлсэн. Анх гар утсаар ярьдаг болоод дараа нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ, тэгээд мессеж, дуут мессеж  гээд шат ахисан үйлчилгээг компаниуд санал болгодог байсан бол бид 2006 онд үйл ажиллагаагаа анх эхлэхдээ л хамгийн сүүлийн үеийн бүх техник технологийг оруулаад ирчихсэн, бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлж байлаа. Өнөөдрийн хувьд “Юнител” хамгийн сүүлийн үеийн 3G үйлчилгээг нэвтрүүлсэн. Хүмүүс эхлээд утсыг зөвхөн ярих зориулалтаар ашигладаг байсан бол сүүлийн үед утсаараа интернэтэд холбогдох, ТВ үзэх гээд бүхий л мэдээллийг авч, өргөн хүрээнд ашиглах боллоо. Барууны орнуудын хэрэглээг харж байхад Iphone гэх мэтээр яриа хийхээс гадна интернэтэд холбогдох боломжийг нь хангасан гар утсыг олноор үйлдвэрлэх боллоо. Манай компани энэхүү шинэ  хандлагыг дагаад явж байгаа. Сүлжээ маань бэлэн болчихсон. Гагцхүү зах зээл дээрх утасны хангамж бага байна. Өнөөдрийн байдлаар гар утсаар 3 мега хурдаар интернэт рүү орж болж байгаа бол 2012 он гэхэд дэлхий даяар нэг утаснаас 100 мега хурдаар, бүр 1 гега хүртэл хурдаар интернэтэд холбогдох боломжтой болно. Өөрөөр хэлбэл компьютерээс ордог хурдаас хамаагүй өндөр хурдаар интернэтэд холбогдох боломжтой. Ингэснээр утас нь дэлхий ертөнцтэй холбож өгдөг гүүр болно.

-Өнгөрсөн дөрвөн жилд хэрэглэгчид “Юнител”-ийг яагаад сонгодог байсан тухай Та ярилаа. Тэгвэл ирэх дөрвөн жилд ч  “Юнител”-ийг яагаад сонгох ёстой гэж бодож байна?

-Анх манай сүлжээний чанар сайн байсан. Энэ байдлаа одоо ч алдаагүй улам л сайжруулсаар яваа. Хоёрдугаарт,  бид Монгол улсдаа үйлчилгээний стандартыг өндөрт гаргасан. Хэрэглэгч утсаа авахаас эхлээд бүхий л процессийг үйлчилгээний өндөр чанараар гүйцэтгэж ирлээ. Хэрэглэгчээ дээдэлсэн хамгийн сайн үйлчилгээтэй байхыг зорьж, тэднийг сонсдог, хүндэлдэг үйлчилгээгээрээ бид ялгардаг. Үүнээс гадна техник технологиороо давуу байж, хамрах хүрээгээрээ Монгол улсад хоёрдугаарт орж явна. Өөрөөр хэлбэл манай сүлжээ ороогүй цөөхөн газар үлдсэн. Цахилгаангүй, шилэн кабель очоогүй газруудад л сүлжээ хүрээгүй байгаа. Энэ бол “Юнител”-ийн давуу тал, өнгөрсөн хугацаанд биднийг сонгох гол хүчин зүйл болсон үзүүлэлтүүд маань, ирээдүйд ч гол хүчин зүйл хэвээр байх болно.

-Энэ бүхнийг Монголын инженерүүд хийж байгаа юу? Танай компанийн гол онцлог Монгол инженерүүдийн оюун чадалд оршиж байна уу?

-Тийм ээ. Би бардам хэлье. Манай компанид  гадаадын ганц ч иргэн ажилладаггүй. Эхнээсээ л ийм байсан. Бид инженер, техникийн ажилтнуудаа гадаадад сургадаг. Тэгээд өөрсдөө сурсан мэдсэндээ тулгуурлаад, бор зүрхээрээ л явж байна. Залуучууд ч юм сурахдаа сайн юм. Өнөөдөр “Юнител” маань техник технологийн чадварлаг инженерийн багтай болсонд чин сэтгэлээс бахархаж явдаг. Ямар ч техник технологи байсан монголчууд өөрсдөө хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид 6 төсөл хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, зургаан  удаа сүлжээгээ өргөтгөсөн гэсэн үг. Тоног төхөөрөмжөө өргөтгөөд л хэрэглэгч маань дүүрээд, дахин шинэчлэх гэх мэтээр байнга өргөтгөл хийж ирсэн. Удахгүй “Юнител” долоо дахь өргөтгөлөө хийх гэж байна. 

-Үүрэн телефоны үйлчилгээ, эсвэл  мэдээллийн технологи гэхээр Япон, Солонгосын мэргэжилтэн, зөвлөхүүд байх ёстой гэсэн тогтсон ойлголт түгээмэл явдаг?

-Мэдээж тэр улсуудад шилдэг техник технологи байгаа. Гэхдээ дандаа гадаад  инженерүүд авчирч хийлгээд байх боломжгүй шүү дээ. Түүний оронд өөрийнхөө хүмүүсийг сургаад авчихвал хамаагүй дээр. Инженерүүддээ  сурах бололцоог нь компанийн зүгээс хангаад өгчихдөг. Жишээ нь сая Сингапурт үүрэн телефоны үйлчилгээний талаар үзэсгэлэн нээгдлээ. Ийм шинэ технологиуд гарах гэж байна гэх мэт танилцуулга явж байна. Тэгвэл  тэр болгоныг тусгаж аваад бид өөрсдөө Монголдоо нутагшуулдаг.

-Танай компанийн үйл ажиллагааны гол философи, үнэт зүйл юу вэ?

-Хэрэглэгч байж гэмээнэ компани оршин тогтноно Хэрэглэгч бидэнд мөнгөө өгч, бид  тэр мөнгөн дүнд нь хүрсэн, харамсахгүй байх, бүр илүү сэтгэл ханамж авахуйц үйлчилгээг үзүүлэх ёстой. Компани дотроо бол шударга систем баримтлахыг чухалчилдаг. Арын хаалга, найз нөхөд, даргын танил гэхгүйгээр чадаж байгаа нэг нь илүү амжилтад хүрэх ёстой. Би өөрөө ажлын гараагаа жирийн инженерээс эхэлсэн хүн. Манай хөрөнгө оруулагчид зөв бодлогоор биднийг дэмжиж, сургаж өгсөнд талархаж явдаг. Үүнтэй адилхан өөрийгөө дайчилж, сайн ажиллаж чадвал тэр хүнийг сургаад, амжилтад хүргэхүйц шударга системийг бид компанидаа бий болгосон. Энэ бол компанийн үнэт зүйл. Бие биенээ шударгаар шүүмжилж чаддаг тийм эрүүл систем компани дотроо бий болгож байна. Захирал гэлтгүй би ажлаа хийж чадахгүй, буруу удирдвал алдааг минь ажилтнууд шударгаар шүүмжлээд хэлдэг байх нь чухал.

Үүнээс гадна манай компанийн ажилтнуудад дотоод ажлаа болгоод явахаас дутуугүй, бусдадаа, нийгэмд  тусалъя гэсэн сэтгэл их байдаг. Компаниас мөнгө гаргаагүй, удирдлагаас чиглэл өгөөгүй байхад ажилтнууд маань өөрсдөө сайн дураар цуглуулсан мөнгөөрөө ядуу айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх, өнчин өрөөсөн хүүхдүүдэд хичээл заах гэх мэтээр нийгэм рүү хандсан олон ажлыг зохион байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн зуданд хамгийн их өртсөн аймаг сумдыг тодорхойлж, малчдад зориулан тусламж илгээсэн. Мөн соёл урлаг, спортыг дэмжин, Монголын үндэсний олимпийн хороотой  хамтран ажиллаж байгаа гэх мэтээр. Өөрийгөө болгоод явах төдийгүй ойр орчмоо, бусдадаа тус болж,нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж бүтээхийг бид зорьдог оо.

-Энэ нь өмнө тогтсон ойлголтыг эвдсэн, орчин үеийн хамт олны шинэ хэв шинж мөн үү?

-Картын бараанд дугаарлаж өссөн бидний үе өнгөрч, дараагийн үе гарч ирж байна шүү дээ. Ганц манай компани ч биш олон компанид шинэ үеийн сайхан залуус ажиллаж байна. Энд нэг хүүхэд зовж байна тусалъя гэсэн залуучууд их болж. Шинэ үе маань их боловсорч, зөв хүмүүжлээр гарч ирж байна уу даа гэж боддог. Орчин үеийн хамт олны хэв шинж гэдэг тань үүнтэй холбоотой байх.

-Танайх нийт хэдэн ажилтантай вэ? Дундаж нас нь хэд бол?

-Манай ажилтнуудын дундаж нас 26 байсан юм. Өнгөрсөн жил “Юнител” бараг 100-гаад хүн шинээр ажилд авсан. Ихэнх нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны залуучууд болохоор дундаж нас нь ч одоо доошоо болох байх.

-Ажилтнууд нь ийм шижигнэсэн залуус байхад шинийг сэдэх эрч хүч дүүрэн байдаг байх?

-Тэгэлгүй яахав.  Мэдээллийн технологийн компанийн хувьд амжилттай байхын тулд шинэ техник технологийг нэвтрүүлж, шинэ санаа, санаачилга гарч, эрч хүчтэй явах ёстой. Залуучуудаас шинэ санаа их гардаг. Хүн нас ахих тусам хашир нь ихдээд, сэтгэдэг хүрээ нь хайрцаглагддаг бол залуучууд түрж орж ирээд өөрчилье, шинэлэг байя гэдэг. Тиймээс ч “Юнител” залуусаа их дэмжиж ажилладаг.

-Шинэ сайн санаа санаачилгуудыг яаж дэмжиж, урамшуулдаг вэ?

-Компани дотроо шинэ санааг худалдаж авдаг систем бий. Ер нь ажилтнуудтайгаа л тулж ажилладаг. Дотоод холбоогоо эерэг болгож, дарга гэхээр л хананы цаана,  тусгаарлан суухгүй байхыг зорьдог. Манай маркетингийн тусдаа баг байдаг. Хэрэглэгчдээсээ байнга судалгаа авна. Шинэ санал санаачилга байхгүй бол хэрэглэгчид маань бусад компаниудыг сонгочихно шүү дээ. Үйлчлүүлэгч байна гэдэг манай залуучууд сайн ажиллаж, бид шинэ санал санаачилгатай, зөв хүмүүсээр зөв чиглэлд ажил хийлгэж чадаж байна гэдгийг л харуулж буй хэрэг.

-Та инженерээс ажлын гараагаа эхэлсэн. Өнөөдөр өөрийгөө харахад ямар түвшний менежер гэж тодорхойлох вэ?

-Сайн манлайлагчийн шинж юу вэ гэхээр доороо олон манлайлагчийг бий болгох явдал гэж би боддог. Компанийн ажилтнууддаа би гурван л зүйл хэлдэг. Шинэ санаа санаачилга гаргах, асуудлыг шийдвэрлэх, бусдыгаа уриалан дуудах. Сайн санаа гаргаад түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэхээ шийдээд, эцэст нь бусдаа уриалан дуудаж, хамтдаа хийж чадвал тэр менежер амжилтад хүрнэ. Гэтэл заримдаа их гоё санаа байгаад л байдаг. Хэрэгждэггүй. Яасан гэхээр бусдыгаа уриалан дуудаж чадаагүй гэсэн үг. Тэгэхээр энэ гурав цогцоороо байж ажил урагшилдаг, компани хөгжиж дэвшдэг. Ганц компани ч гэлтгүй хувь хүнийхээ үүднээс ч амьдрал дээр их хэрэгтэй чадварууд юм шүү. Миний хувьд дээр хэлсэнчлэн дороо аль болох олон манлайлагчийг бэлтгэхийг л хичээдэг дээ.

-Та түрүүн хэрэглэгч сэтгэл хангалуун байхын чухлыг онцолж ярьсан. Тэгвэл хийж буй  ажлаасаа өөрөө “happy” байж чадаж байгаа юу?

-Мэдээж, аз жаргалтай  байлгүй яахав. Олон ч ажил хийлээ. Ажлын гараагаа зөв компаниас зөв эхэлсэн болохоор аз жаргалтай алхаж чаддаг. Монголдоо тэргүүлэх компанийг удирдаж яваагийн хувьд их бахархдаг. Хожим, би  ийм юм хийж явсан шүү гэж ярих зүйл ихтэй ээ.

-Монголд их, дээд сургууль төгссөн үү, Та?

-Тийм. МУИС-ийн Физик ,электроникийн тэнхимийн Электроникийн ангийг төгссөн. Одоо бол сургууль маань нэлээд өөрчлөгдөжээ. “Робокон” гээд тэмцээнийг манай компани  их дэмжиж ажилладаг. Шинэ цагийн оюутнууд их чадварлаг, ирээдүйтэй залуучууд олон болж. Бид бол нийгэм хэцүү байх үед төгссөн. Гэхдээ  их азтай. Монголын компаниуд дөнгөж байгуулагдаад шууд л ажилд ордог байсан бол одоо манай нэг ажлын байр дээр гэхэд 100 гаруй хүн өрсөлдөж байна шүү дээ.

-Электроник, техникийн чиглэлээр төгссөн хүмүүст янз бүрийн хобби байдаг. Зохион бүтээх, уралдаан тэмцээнд оролцох гэх мэт. Таны хобби юу вэ?

-Хүмүүс намайг шоолох байх л даа. Тухайн үед компьютер их ховор. Компьютер дээр юм хийх их кайфтай. Үсэг программчилдаг хоббитой байлаа. Одоо эргээд бодоход ямар ч хэрэггүй л зүйл байгаа байхгүй юу. Эсвэл схем зохион бүтээнэ, нухаж нухаж нэг сигнал гарахаар нь  их таашаал авдагсан. Чипэн дээр программыг нь бичээд, янз бүрийн гэрэл асаана. Чипээ шатаачихаад багшдаа загнуулна гээд гоё л доо.

-Тэр үед компьютер дээр хийж байсан зүйлээ Та одоо гар утас руу оруулж байна. Жишээ нь, мобайлмедиа үйлчилгээ гарч ирэх эрэлт хэрэгцээ нь юу байсан бэ?

-Тухайн үед электроникийн инженер программчлал бага байсан бол одоо программчлал өндөр хөгжиж байна. Хүмүүс эхлээд хэрэглээний программ их бичдэг байлаа. Офиссын хэрэглээнийх, дэлгүүрийн бараа материал бүртгэлийн программ гэх мэтээр. Сүүлийн үед утас руу их программ бичдэг болчихож. Хүн жаахан чөлөөт цаг гарангуут утсаа оролдож, тоглодог шүү дээ. Үүнийг дагаад программчлалын асар том бололцоо нээгдлээ. Би жишээ нь Блэкбэри дээр байгаа олон программ татаад авчихсан. Өөрийн сонирхдог тоглоом ч тэр дунд байгаа, янз бүрийн мэдээлэл олж авах, цаг агаар үздэг программ ч бий. Өөрөөр хэлбэл маш олон төрлийн программыг бүтээж, интернэтэд тавьчихдаг. Блэкбэйри гэхэд боломжтой программуудаа өөрийнхөө серверт тавьсныг хэрэглэгчид нь татаж аваад өдөр тутамдаа хэрэглээд явдаг. Монголд сүүлийн үед андройд гээд гар утас их гарч байна. Үүн дээр программыг нь бичдэг, Apple-н тоглоомыг бичдэг залуучууд их болсон. Миний сурч байсан үетэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай болчихжээ. 

-“Юнител” корпораци үүрэн телефоны зах зээлийн хэдэн хувийг одоо эзэлж байна вэ?

-Манайх 24-25 хувийг эзэлж байгаа.

-2006 онд танайх үйл ажиллагаагаа эхэлж байхад өндөр үнэтэй үйлчилгээ авдаг дарамттай хэрэглэгч гэсэн уур амьсгал их байсан. Сүүлийн үед “Happy хэрэглэгч” гэсэн хандлага руу орж байна. Үүрэн телефоны зах зээлийн хандлагыг  өөрчлөхөд оруулсан “Юнител”-ийн хувь нэмэр энэ мөн үү?

-Ямар нэг бизнес эхэлж байхад өрсөлдөгчийнхөө сул тал дээр дөрөөлж өөрийнхөө давуу талыг дөвийлгөж гарч ирдэг. Тухайн үед өрсөлдөгчдийн маань сул тал бол хэрэглэгчээ сонсдоггүй, өндөр тариф байсан. Үүн дээр нь бид дөрөөлж чадсанаар амжилт олсон. Өнөөдөр реклам сурталчилгаа, үйлчилгээний чанар стандарт бүгд л сайжирч байна. Бид нар энэ тал дээр түрүүлж алхам хийснээр өрсөлдөгчид маань дагаж, хамтдаа сайжирч байна гэж хэлмээр байна. Мэдээж ингээд зогсохгүй, улам бүр сайжруулах болно. Цаашид өрсөлдөгчдөөсөө хол тасрахыг зорих болно. Мориор төсөөлөх юм бол нэг нь 10 жилийн өмнө, нөгөөх нь 7 жилийн өмнө гараад давхичихсан морь. Гэсэн ч “Юнител” хожимдож гараанаас хөдөлсөн гэлгүй, хичээн чармайсны дүнд  шинэ техник технологи, үйлчилгээг зэрэг нэвтрүүлээд л явж байна.
Өнгөрсөн жил танайх татварт хэчнээн төгрөг өгсөн бэ? Нэлээд өндөр тоо харагдаж байх шиг байсан.

Яг нарийн тоог санахгүй байна. Гэхдээ их үсрэнгүй жил болсон л доо. Ялангуяа манай салбар маш сайн ажилласан. Учир нь түүний өмнөх жил эдийн засгийн хямралын хамгийн гүнзгий үе нь байлаа. Банк зэрэг бусад салбар нэлээд уналттай байсан шүү дээ. Үүрэн телефоны салбарын нэг онцлог бий. Цаг үеийн тусгал бидэнд шууд мэдрэгддэг. Нэг ёсондоо ард түмний амьдралын түвшний нэг индикатор болж чаддаг.  Жишээ нь,ямар нэг хөл хорио тогтоолоо гэхэд л яриа цөөрөөд явчихдаг. Урьд нь хүүхэдтэйгээ хичээлдээ явсан уу, тарсан уу, харьсан уу гэж 3 ярьдаг бол ганцхан  ярьдаг болох жишээний. Өнгөрсөн жил бүх операторуудын гар утасны яриа 21 хувиар багассан. Гэхдээ  хэрэглэгчийн тоо цөөрөөгүй. Энэ жил хараад байхад тав, зургадугаар сард яриа өнгөрсөн жилийнхээсээ их байна. Эдийн засаг сэргэж байна уу даа гэж харж байгаа.

-Топ-100 компанид урьд нь дандаа уул уурхайн компаниуд, банкууд ордог байсан бол сүүлийн үед үүрэн телефоны операторууд орох болсон байна лээ?

-Манайх эхний жилдээ ТОП-100-д өрсөлдөгч 50-д багтаад, дараа жилээс нь тогтмол ТОП-100-д орж байгаа. Уул уурхай бол Монголын хөгжлийн их том гарц. Урьд нь 100 сая долларын борлуулалт гэж ярьдаг байсан бол одоо хэдэн тэрбум долларын борлуулалт гэж энэ салбарт ярих боллоо. Уул уурхай сайн хөгжиж чадвал ард түмэнд тустай, ажил орлоготой байна. Ард түмэн ашиг орлоготой байна гэдэг гар утас хэрэглэж, техник технологиос хоцрохгүй байж, гар утасны компаниуд ашиг орлоготой  байна гэсэн үг.
Бид уурхайнуудтай ч их хамтарч ажилладаг. Олон уурхай дээр антеннаа суурилуулсан. Байгууллагын хэрэглэгч гэдэг өөр түвшний хэрэглэгч байдаг. Зөвхөн гар утас биш, гар утсаар, интернэтээр, цахилгаанаар хүрч болох бүхий л үйлчилгээг авч болно. Нэг машин нь хаана явж байгаа, хэдэн тонн нүүрс тээсэн  гээд бүгдийг  утсаараа хянаж болдог болохоор уурхайнуудад манай үйлчилгээ их хэрэгтэй.

-“Юнител” охин компаниудтай болж байгаа гэсэн?

-Сүүлийн үед манайх эцэг компани болж байгаа. IPTV гээд шинэ технологи гарсан. Гэрт зурагтын, интернэтийн, утасны гэсэн гурван кабелийн утас орж ирдэг шүү дээ. Үүнийг нэг утас, нэг шилэн кабель руу оруулж байна. Интернэтэлд суурилсан зурагт үзэж байхдаа дүрсээ харж ярьдаг гэх мэтийн олон давуу талтай. Цоо шинэ технологи. Энэ тал дээр ажиллах нэг компани байгуулсан. Мөн  “Телемакс” гээд компани маань бий. Шилэн кабель ороогүй гэр хорооллуудыг wireless-т холбож интернэтийн үйлчилгээ үзүүлэх бизнес эрхэлнэ. “Скайнетворкс” гээд компанийг бид Солонгосуудаас саяхан худалдаж авсан. Улаанбаатар хот дотор шилэн кабелиар бүтэн хангачихсан. Одоо хойд, урд чиглэл рүү өөрийн гэсэн шилэн кабелийг татаж байна. Ялангуяа уурхай дагаж том хотууд байгуулагдана. Тийш нь шилэн кабель татна. Монгол улс уудам, хийх ажил их байна даа.

-Ярилцлагын төгсгөлд дөрвөн жил “Юнител”-ийн үнэнч хэрэглэгч байсан үйлчлүүлэгчдэдээ зориулаад юу хэлэх вэ?

-Төгсгөлд нь дахин хэлэхэд бидний нэг онцлог бол цэвэр үндэсний компани. Хөрөнгө оруулагч нь, удирдлага менежмент нь, инженер техникчид нь гээд бүх зүйл Монгол. Тиймээс “Юнител”-ийн амжилт  Монголчууд та бидний амжилт. Хэрэглэгч та бүхний маань ч амжилт. Хэрвээ та бүхэн байхгүй бол бид ийм амжилтад хүрэхгүй,  ийм хэмжээний үйлчилгээ үзүүлж чадахгүй байх байсан. Бид  амжилтаараа бахархаад зогсохгүй, цаашид хийх ажил улам нэмэгдэж байгаа, тэдгээрийг хийх болно гэдгийг хэлмээр байна.
Иймд үндэснийхээ компаниудаа дэмжье гэвэл “Юнител”-ийн үйлчилгээ Танд нээлттэй.

Ярилцсан Б. Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж