Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулахаар бүртгэлээ эхлүүлээд байгаа. Эл ажлын хүрээнд дээрх газрууд бүтээн байгуулалт өрнүүлж буй аж ахуйн нэгж, ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, эрэлтэд нь тулгуурлан, түр ажлын байрны захиалгыг давхар авч эхэлжээ. Одоогоор 20 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөрөө танилцуулснаар оюутан залуусыг түр ажлын байранд баг, бүлгээр нь ажиллуулах 510 орчим ажлын байрны захиалга авсан юм байна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажил олгогч байгууллагууд, оюутан, залуус бүртгүүлэхийн хүсвэл www.myjob.mn сайтад хандах боломжтой аж.
Онцлоход, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран өнгөрсөн жил оюутан залуусыг түр ажлын байраар хангах зорилго тавьж “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд оюутнууд өвөлжөө, хаваржаа барьж, мөн авто зам, төмөр зам барих ажилд гар бие оролцсон билээ.
Г.НАРАН