Эрэгтэйчүүд Уругвайтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.05.04-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүд Уругвайтай тоглоно

Ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын эрэгтэй баг Уругвайтай 85-р байр, эмэгтэй баг Эстонитой 57-р байрын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.


Дөрөвдүгээр сарын 28-наас Японы Токио хотноо эхэлсэн ширээний теннисний багийн ДАШТ маргааш буюу тавдугаар сарын 5-нд өндөрлөнө. 52 дахь удаагийн багийн ДАШТ-нд эрэгтэй 114, эмэгтэй 95 улсын баг өрсөлдөж байна.


Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Т.Энхтөрөөр ахлуулсан эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцож байна. Хэсэг бүрт 24 багт багтсанаас эмэгтэй баг гуравдугаар, эрэгтэй баг дөрөвдүгээр хэсэгт багтсан.


Монгол Улсын эрэгтэй баг дөрөвдүгээр бүсэд Филиппин, Перу, Ангол, Бахрайн, Мавришис /Франц/ улстай "N" хэсэгт багтсанаас хэсэгтээ хоёр хожил, гурван хожигдолтой дөрөвдүгээр байраар шалгарч 85-92-р байрын төлөө тоглохоор шалгарсан. Улмаар Азарбайжан (1:3), Мавришис (3:0) улсын багийг хожиж, 85-р байрын төлөө Уругвайтай оноолт таарлаа. Тэмцээний өмнө манай эрэгтэй баг 103-т, Уругвай 107-д эрэмбэлэгдсэн байна.


Монгол Улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг ахлагчтай Монгол Улсын эмэгтэй баг энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа арван гаруй байраар ахиуллаа. Эмэгтэйчүүд хоёр жилийн өмнө Германд болсон 51 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 71-р байрыг эзэлж байсан.


Казахстан, Гватемал, Сальвадор, Календониа(Франц), Азарбайжан улстай "А" хэсэгт багтсан эмэгтэйчүүд хэсэгтээ гурван хожил, хоёр хожигдол авснаар найман оноотой III байраар шалгарч, 49-60-р байрын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Улмаар Индонезид 1:3-оор хожигдсон ч Шриланкийг 3:0-ийн харьцаагаар буулган авснаар 57-р байрын төлөө Эстони улстай тоглохоор шалгараад байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.


Сануулахад, Монголын Ширээний теннисний холбооноос энэ онд үндэсний шигшээ баг байгуулж, БНАСАУ-аас дасгалжуулагч урин авчирсан. Энэ удаагийн ДАШТ-нд БНАСАУ-ын дасгалжуулагч Чо Ён Хо, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Т.Энхтөр нарын эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдсан шилдэг тамирчид өрсөлдөж буй. БНАСАУ-ын дасгалжуулагч Чо Ён Хо багш тодорхой шалтгааны улмаас Японыг зорьж чадаагүй бөгөөд нутаг буцсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж