УИХ дахь намын бүлгүүдийн хурал өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдана. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг дахин нягтална. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх болоход Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага хүссэн юм. Завсарлага авах болсон шалтгаанаа тэрээр “Гэм буруутайг хэн ч тогтоогоогүй. Дээр нь хувь хүн рүү хандсан асуудал сүүлийн өдрүүдэд өрнөх болсон тул энэ бүхнийг хэлэлцэх шаардлага үүсч байна” гэж хэлсэн юм. Тиймээс бүлэг асуудлыг дахин нягтлах болж байна.
Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Тиймээс энэ асуудлыг олонхийн бүлэг мөн хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.
Г.НАРАН