УИХ-ын баасан гаригийн /2014.V.02/ нэгдсэн хуралдааны тоймыг багцлан хүргэж байна.
10.00 цаг
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тухай танилцуулав.
10.10 цаг
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
11.00 цаг
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр чуулганаар хийх үед Оюутолгойн далд уурхайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссанаар тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилжлэв. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын тайлбараар Оюутолгой төслийн далд уурхайн асуудлаар ойлголцолд хүрсэн байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ганц өдрийн завсарлагаар ойлголцолд хүрсэн гэхэд итгэхгүй байна. Асуудлыг дахин нягтлах шаардлагатай, тиймээс тогтоолын төсөлд тусгасан Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлэхэд УИХ, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлнэ гэх заалтыг дэмжих боломжгүй байна” гэлээ.
12.30 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ хэмээн заасан байсныг чуулганаар хэлэлцэх шатанд “УИХ” гэдэг үгийг хасч, дэмжлээ. Эл асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Оюутолгой төслийн хоёрдугаар шатны хэрэгжилтийг цааш үргэлжлүүлэх ёстой. Хэдэн жил Оюутолгойгоор оролдох гэсэн юм. Эрх барьж буй хүчин, зарим улстөрчид Оюутолгойгоор популизм хийж, УИХ- д орж ирсэн. Одоо зарим улстөрч увайгүй үйлдлээ зогсоохгүй байна” хэмээн шүүмжилсэн юм. Үүний эсрэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн менежерүүд ороод ирсэн юм шиг ярихаасаа ич. Би Оюутолгой төслийг Монгол оронд ашигтай байлгах тухай ярьснаас зогсоох тухай нэг ч удаа яриагүй. Гэтэл эдийн засгийн хямралыг олигархиас болгож бий болгочихоод, түүнээс болж хамгийн их хохирч буй үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, ард иргэдийг хамгаалах тухай ярих ёстой атал эргээд олигархиудад үйлчлэх тухай ярьж байгаа тань увайгүй харагдаж байна” гэв.
14.45 цаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 1.2 их наядыг гаргасан юм байна. Зарцуулалтыг тодруулбал, 369 тэрбумыг авто зам барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэл 267 км төмөр зам барихад зориулж 200 сая ам.доллар гаргахаар төлөвлөснөөс 164.2 сая ам.доллар ашиглагдсан. Дээр нь Хөгжлийн банкнаас 186 сая ам.долларыг гаргасан байна. Мөн Улаанбаатар хотод “Гудамж” төсөл хэрэгжүүлэхэд 46.5 тэрбум төгрөг, орон сууц барихад шаардагдах дэд бүтцэд зориулан 200 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснөөс 101 тэрбум нь ашиглагдсан. Эрчим хүчний дэд бүтцэд зориулж 67 тэрбум, гэр хорооллыг төлөвлөхөд 6.9 тэрбумыг зарцуулжээ. Түүнчлэн ноос, ноолуур, сүүний үйлдвэр байгуулахад зориулж 270 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэснээр 140 орчим тэрбум нь ашиглагдсан. Барилгын салбарыг дэмжихэд зориулж төмөрлөгийн үйлдвэрт 12.8 тэрбум, Байшин үйлдвэрлэх комбинатад 14 сая ам.долларыг зарцуулсан юм байна. Энэ мэтчлэн жижиг, жижиг зүйлд Чингис бондын хөрөнгийг зарцуулснаар нийт дүнгээрээ 1.2 их наяд нь гарсан юм байна.
16.00 цаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтээ танилцуулсан юм. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. Тэрээр “… Хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад 1.5 тэрбум ам. долларын бонд босгож, үр ашиггүй зарцуулснаас Засгийн газар ард түмний татварын мөнгийг бондын хүү нэрээр салхинд хийсгэсээр байна. Бидний тооцоогоор ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсныхаа төлөө Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 120 гаруй иж бүрэн хэрэгсэлтэй цэцэрлэг барих хөрөнгө юм. Үүнтэй холбогдуулан тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцох. Мөн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин төсвийн гадуур зарцуулагдаж буй "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалтад нийцүүлэн нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг бид удаа дараа шаардсаар ирсэн. Дэлхийн банк, олон улсын байгууллагууд ч төсөвт тусгахыг зөвлөж байгаа. Иймд эрх баригчид хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, төсвийн гадуурх бондын хөрөнгийг төсөвт тусгахыг дахин шаардаж байна. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 2017 онд, "Чингис" бондын 500 сая ам.долларыг 2018 онд төлөх тул ирээдүйн төсөвт ирэх хэт ачаалал, дарамтыг багасгах үүднээс 2014 оны төсвийн тодотголын үед дээрх төлөх өрийн гуравны нэг хувийг бүрдүүлэх эх үүсвэрийг тусгаж нөөц сан бүрдүүлэх шаардлагатай” гэлээ.
17.00 цаг
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Чингис бонд”-ын зарцуулалттай холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүдээс асуулт тавьж хариултаа авсан тул чуулганы хуралдааныг өндөрлүүллээ. Уг нь Засгийн газрын цаг дууссаны дараа УИХ-аар чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүдээр санал хураалгах ёстой байсан ч ирц хангалтгүй учраас хэлэлцэх асуудлаа ирэх долоо хоногт шилжүүллээ.
Г.ДАРЬ