УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүд Чингис бондын зарцуулалтын талаар мэдээлэл сонссон юм. Тус мэдээлэлтэй холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын өрийг Олон улсын валютын сан ДНБ-ний 62 хувьд хүрсэн гэсэн бол Дэлхийн банк ДНБ-ний 58 хувьтай тэнцсэн” гэж тооцсон. Энэ бол олон улсын байгууллагын гаргасан тооцоолол. Та бүхэн болохоор өр хуульд заасан хэмжээнд буюу ДНБ-ний 40 хувьтай тэнцэнэ гэх. Чингис бонд бол өр шүү дээ. Яагаад үүнийг улсын өрөнд оруулж тооцохгүй байна вэ” гэв.
Үүнд Сангийн сайд Ч.Улаан “Дэлхийн банк, Олон улсын валютын сан Чингис бондыг Монгол Улсын өрөнд оруулж тооцоод байгаа. Бид оруулж тооцохгүй байгаа юм. Оруулахаар өрийн хэмжээ өндөр болоод байгаа” гэх хариулт өглөө.
Энэ мэтчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Чингис бонд”-ын зарцуулалттай холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүдээс асуулт тавьж хариултаа авсан тул чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
Уг нь Засгийн газрын цаг дууссаны дараа УИХ-аар чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүдээр санал хураалгах ёстой байсан ч ирц хангалтгүй учраас хэлэлцэх асуудлаа ирэх долоо хоногт шилжүүллээ. Энэ үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 20 гаруй гишүүн байлаа. Ирцийг хуульд заасан хэмжээнд буюу 50 хувьд хүргэхэд 39 гишүүн сууж байх ёстой. Нөгөө талдаа ирц бүрдээгүй үед дээрх тогтоолын төслөөр санал хураалгахад санал дэмжигдэхгүй унах магадлал өндөрсөх юм.
Г.ДАРЬ