“Чингис бонд”-оос 120 тэрбумын алдагдал хүлээсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

“Чингис бонд”-оос 120 тэрбумын алдагдал хүлээсэн гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтээ танилцуулсан юм. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. Тэрээр “… Хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад 1.5 тэрбум ам. долларын бонд босгож, үр ашиггүй зарцуулснаас Засгийн газар ард түмний татварын мөнгийг бондын хүү нэрээр салхинд хийсгэсээр байна. Бидний тооцоогоор ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсныхаа төлөө Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 120 гаруй иж бүрэн хэрэгсэлтэй цэцэрлэг барих хөрөнгө юм. Үүнтэй холбогдуулан тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцох.

Мөн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин төсвийн гадуур зарцуулагдаж буй "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалтад нийцүүлэн нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг бид удаа дараа шаардсаар ирсэн. Дэлхийн банк, олон улсын байгууллагууд ч төсөвт тусгахыг зөвлөж байгаа. Иймд эрх баригчид хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, төсвийн гадуурх бондын хөрөнгийг төсөвт тусгахыг дахин шаардаж байна.

Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 2017 онд, "Чингис" бондын 500 сая ам.долларыг 2018 онд  төлөх тул ирээдүйн төсөвт ирэх хэт ачаалал, дарамтыг багасгах үүднээс 2014 оны төсвийн тодотголын үед дээрх төлөх өрийн гуравны нэг хувийг бүрдүүлэх эх үүсвэрийг тусгаж нөөц сан бүрдүүлэх шаардлагатай” гэлээ.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд асуулт тавилаа. Энэ нь Тавантолгой станцыг барихад хэчнээн хэмжээний хөрөнгө шаардагдах, шинэ төмөр замын 1 км төмөр зам хэдэн төгрөгийн үнэтэй болох тухайд хариулт авахыг хүсэв.

Үүнд Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирал М.Энхсайхан хариулт өглөө. Түүний тайлбарласнаар Тавантолгой станцын өртөг 1 тэрбум ам.доллараар босох болов уу гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. “Оюутолгой” компани 450 мВт цахилгаан станц барихад дээрх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гарсан аж. Дээр нь тус цахилгаан станцын төслийн нэгжээс судалгаа хийж урьдчилсан байдлаар дээрх тооцоог гаргажээ.

Гэхдээ 1 тэрбум ам.доллар шаардах цахилгаан станцад Оюутолгой, Тавантолгойн цахилгаан станцын хороонд 150 км дамжуулах шугам болон бусад ажлууд багтсан байна. Өртөг өндөр цахилгаан станцыг АНУ-ын инженерүүдийн холбооноос тавьж буй стандарт шаардлагыг хангах ёстой гэнэ. Ирээдүйтэй сайн смтанц барьж чадвал нүүрсний их нөөцтэй учраас түүнийгээ боловсруулж экспортод гаргах ирээдүйтэй. Дээр нь уг станц уул уурхайн компаниудыг цахилгаанаар хангана, хэзээ ч цахилгаанаа тасалж болохгүй. Өөрөөр хэлбэл, 30 жилийн турш зогсолтгүй ажиллах ёстой аж.

Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбараар шинэ төмөр замын тухайд, Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл тавих шинэ төмөр замын өртөг өндөр өндөр биш гэнэ. Тодруулбал, дэлхий дээр 1 км төмөр зам 1-4 сая ам.долларын өртөгтэй байдаг бол шинэ төмөр зам 1 км нь 2 сая ам.доллараар босно. Дохиолол холбоо гээд бүх зүйл нь багтах учраас үнэ өндөр биш гэж тэрээр тодотголоо.

Түүнчлэн Чингис бондын зарцуулалттай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Гудамж” төслийн санхүүжилтийн нарийн задаргааг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас шаардсан бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Чингис бондын зарцуулалт нь УИХ-ын гишүүдийн толгойг эргүүлсэн эргэлзээтэй тоонууд байна” гэж шүүмжиллээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн худалч нь Н.Алтанхуяг та” гэж хэллээ. Мөн Засгийн газар гадаад зах зээлээс босгосон хөрөнгөөрөө юм хийж чадсангүй, ингэж цацахын оронд ард түмэнд тараагаад өгчихсөн бол халаасанд нь орох байсан юм гэж хэлсэн юм.

Харин Ерөнхий сайд “Та бүхэн үнэнд гүйцэгдэж байна, хулгайчийг бариарай гэж хулгайч хашгирдаг. Монгол Улсын Их хуралд гаргаж өгсөн, үүнийг хариуцаж гаргаж өгсөн хүмүүс наад танхимд чинь суун байна” гэж үгүйсгэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж