Жилийн жилд элсэлтийн шалгалтын үеэр шалгалтын тест задарсан гэсэн яриа гардаг. Монгол өнөөдөр шалгалтын текст боловсруулдаг мэргэшсэн хүн байхгүй болохоор боловсролын салбарын эрдэмтэн багш нараар бэлтгүүлдэг. Шалгалтын тестийг задруулахгүйн тулд хууль цагдаагийн байгууллагын ажилчдыг ажиллуулж байсан. Элсэлтийн шалгалт хуулийн дагуу, товлосон тодорхой хугацаанд болсон ч маргаан, гомдол тасрахгүй байна.
Тухайлбал, шалгалтад оролцогсдыг төөрөгдүүлсэн, асуулт, хариулт давхардсан, нөхөх тест дутсан, байхгүй хариулт тавигдсан гээд эргэлзээтэй зүйлс олон байсан гэнэ. Энэ мэт ойлгомжгүй байдлаас болж хүүхдүүд босго өндөртэй шалгалтын дүнг цуглуулахын тулд төөрч будилдаг, өөрсдөөсөө шалтгаалахгүй алдаанаас оноо нь буурах тохиолдол гарсан гэнэ. Ерөнхийдөө шалгалтын явц хэвийн, гарсан хүндрэл байхгүй ч шалгалтад орж байгаа төгсөгчдийг төөрөгдүүлсэн зүйлс байна гэдгийг тэдний төлөөллүүд хэлж байгаа юм. Сурагчид өөрсдийхөө бололцооны хэмжээнд бэлтгэдэг. Гэтэл шалгалтын материал нь энэ мэтийн эргэлзээтэй зүйлүүдийг агуулж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Элсэлтийн шалгалтыг тойрсон элдэв алдаа завхралыг олон сурагчид, эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэтэл Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв эцсийн дүн гарсан хойно өргөдөл, гомдлын асуудлыг шийдвэрлэх болно гэж тас гэдийчихээд ямар ч мэдээлэл бидэнд өгсөнгүй. Харин тус төвийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн мэргэжилтэн “Манай төв олон жил элсэлтийн шалгалтыг зохион явуулж байгаагийн хувьд энэ жил харьцангуй боломжийн төвшинд явуулсан гэж бодож байна. Үүний үр дүнг энэ сарын 27-нд харж болох юм. Түүнээс өмнө ийм байна, тийм байна гэж урьдчилж ямар алдаа, завхрал гарсан талаар бид мэдэх, асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Орон даяар 40 мянган элсэгчийн баримт материалыг тусгай кодоор кодлон, зургаан уншигч машинаар 24 цагийн туршид уншуулж байна. Одоо ч бүрэн уншиж дуусаагүй байгаа болохоор бид хамгаалалтад байгаа уншигч машинд ойртох эрхгүй. Магадгүй 200 гаруй алдаа гарсан, тэр хэмжээгээр өргөдөл гомдол ирлээ гэхэд бид тэр бүхнийг шинжээчдийн багаа хуралдуулан асуудлыг элсэлтийн шалгалтын дүн гарснаас хойш шийдвэрлэж дуусгана. Ер нь шалгалтын материалд гарсан гээд байгаа алдаа ихэвчлэн тестийг зохиосон эрдэмтдийн багтай холбоотой. Тэд ямар ч байсан өөрсдийн бүтээлээ хамгаалаад үлдэх нь лавтай” гэсэн нилээд бухимдангуй хариултыг өглөө. Мөн тэрбээр одоогоор ямар ч мэдээлэл өгөхгүй, хэрэв санал солилцох хэмжээнд ярилцсан зүйлүүдээ бичвэл өөрөө хариуцлагыг нь хүлээгээрэй гэсэн аястай анхааруулга өгөхөө мартсангүй. Эндээс ирээдүйн ажил мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүдийн хувь заяаг өчүүхэн ч хүндэтгэхгүй байгаа төрийн, тэр дундаа боловсролын салбарын дунд тушаалын ажилтнуудын ихэмсэг мөртлөө ажлаа мэддэггүй зан илт харагдах шиг. Элсэлтийн шалгалтын бүртгэлийн үеэр бид хамгийн сайн эрдэмтдийн багаар шалгалтын материлаа бэлтгүүлж байгаа, ямар алдаа, оноо гарахгүй гэдгийг амлаж байна гэхчлэн уран цэцэн ярьж байсан тэдний үг өдгөө хаачив. Басхүү элсэгч хүүхдүүдийг илт басамжилсан аястай эрдэмтдийн баг өөрсдийн бүтээлээ ямар ч тохиолдолд хамгаалаад гарна гэж байгаа нь бүр хачирхалтай. Ер нь л “хохь чинь” гэсэн аяс цухалзаж байгаа биз.
Шалгалтаас хойш тус төвд иргэдээс хичнээн өргөдөл гомдол ирсэн, түүнээс ямар хичээлээр илүү түлхүү байгааг сонирхох зорилгоор Боловсролын үнэлгээний төвийн дарга Б.Энхбаттай уулзахад илт мөн “Өнөөдрийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалттай холбоотой алдаа завхрал гарсан гэдгийг хэн нотлоод байгаа юм” гэсэн хариулт барилаа. Ер нь иймэрхүү учир битүүлэг байдалтай хэвээр байна. Яасан ч удаан хугацаанд материалаа дүгнэдэг юм. Арга сүвэгчилж ядах юмгүй болохоор энэ асуудлыг хөндөхөд зальтай нь аргагүй “Өмнө нь орон даяар дөрвөн мянга гаруй багш комиссоор сонгогдоод, сурагчдын материалыг шууд засдаг байсан нь хүүхдүүдийг үзэмжээр нь дүгнэдэг байсныг таслан зогсоохын тулд энэхүү тестийн аргыг сонгож байгаа” гэж хамгаалж ярих адтай. Ингэж хүүхдүүдийн ирээдүйн хувь заяаг алганы завсар эргүүлэх нь арай л хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Монголын ирээдүйн хөгжил, үндэстний хүчирхэг байхын эх үндэс нь эрдэм мэдлэгээр баян үр хойч маань байх нь дамжиггүй. Тиймээс боловсролын салбарын шинэчлэлийг бусдыг харж салбагнан дууриах биш, үр өгөөжтэй мэдлэг олгох сурган хүмүүжүүлэгчдээ төлөвшүүлэх, нийгэм хөлөө олж ядаж байгаа ч гэсэн нэн түрүүнд боловсролын салбар зөв шударга, эрүүл баймаар байна. Багш шударга биш бол, сурагч шударга биш байхыг л бодно. Шүүгч шударга байхгүй бол тэд хэн нэгнээс шударга бусаар дэмжлэг авахыг л бодно. Ингэсээр л ирээдүйн иргэдээ хөлд орохоос нь аваад бид алхам тутамд нь шударга бусаар хүмүүжүүлсээр байх уу.
Д.Долгор