“Солиорол” нэг хүний жүжиг нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

“Солиорол” нэг хүний жүжиг нээлтээ хийнэ

Маргааш буюу тавдугаар сарын 03-ны бямба гаригийн 20.00 цагт Black Box театрт нэгэн шинэ жүжиг нээлтээ хийнэ. Нэр нь “Солиорол”. Энэ бол Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл. Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн “Жервүүд” театрт болсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байна.

4.48 гэдэг бол сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон Сара Кэйний байнга сэрдэг байсан цаг. Тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй энэ жүжгийн текст ч мөн өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй. Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна.

“Гуардиан” сонин “Амиа хорлогчийн 75 минутын тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зүйтэй юү?” хэмээх асуултыг дэвшүүлж байсан бол “Телеграф” сонин “Дотоод ертөнц, оюун санаанд шатаж байгаа тэр шаналлыг мэдрэхгүй байх арга алга” гэж дүгнэж байжээ.

Уг жүжгийг Британи, Канад, Польш, Шинэ Зеланд, Энэтхэгийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан бөгөөд энэ удаа Black Box театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулж байна. Тэрбээр энэ жүжгээрээ өнөө жилийн “Гэгээн Муза” наадамд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм. “Солиорол” жүжгийг орчуулагч Б.Цацрал орчуулан, найруулагч М.Боролдой найруулжээ.

Г.ЦАЦРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж