долдугаар сарын 1-нд дөрвөн иргэнийг галт сумаар буудан хөнөөсөн цагдаа
нарын хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан билээ. Харин сүүлийн үед хэвлэл
мэдээллийн хэрэгслээр шинээр томилогдсон ерөнхий прокурор Д.Дорлигжав
энэ хэргийг эргүүлэн сэргээх болсон талаарх мэдээлэл гарч буй. Гэхдээ
албан ёсоор үүнд хариулт өгөөгүй байна. Тэгвэл долдугаар сарын 1-нд амиа
алдсан хохирогчдын ар гэрийнхэн хавтас хэрэгтэй танилцжээ. Энэ талаар
талийгаач Э.Доржсvрэнгийн аав Ц.Энхбаяртай уулзаж ярилцлаа. Түүний хүү
дөнгөж 24 насандаа клиникийн I эмнэлгийн ойролцоо буудуулан амиа алдсан
юм.
-Цагдаа нарын хавтас хэргийг хэдхэн сарын өмнө хаасан ч буцаагаад
сэргээх тухай яриа гарсан. Та бүхэнд албан ёсоор мэдэгдсэн үү?
-Одоогоор алга.
-Хавтаст хэрэгтэй танилцсан гэсэн. Дутуу орхигдуулсан зүйл ажиглагдав
уу?
-Тийм. Өөрсдийн чадах хэмжээгээр уншиж ойлгосон гэж хэлж болно.
-Дутагдалтай юм ажиглагдав уу. Мухардсан учраас л хэргийг хаасан байх л
даа?
-Мөрдөн байцаалт угаасаа дутуу, дулимаг болсон.
-Яагаад?
-Дутуу болсон гэдгээ прокурорынхон өөрсдийнхөө гаргасан тогтоолоор
баталчихсан.
“Хэний буудсан сум хэнийг оносон нь тодорхойгүй байна” гэж. Тодорхойлох
нь өөрсдийнх нь үүрэг. Тэгэхээр эндээс юу гэж ойлгосон бэ гэхээр “Бид
ажлаа дутуу хийчихлээ. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгөөч ээ” гэх мөрдөн
байцаагчдын хүсэлтийг нөгөө нөхөр нь биелүүлж “Тийм байна. Ажлаа дутуу
хийчихэж. Хийсэн эзнийг нь олоогүй учраас хэрэгсэхгүй болгоё” гэж…
Ингэхээр нь нийслэлийн Прокурор, нийслэлийн Прокурорын даргад, Ерөнхий
прокурорт гээд холбогдох бүх албаны хүмүүст асуудлыг тавьсан. Одоо
хэргийг сэргээнэ, сэргээхгүй гээд л мэдээлээд байна. Өнөөдөр /өчигдөр/
би Ерөнхий прокурорын газар орж асуусан. Одоохондоо хянаж байгаа юм
байна, албан ёсоор ирсэн бичиг алга гэж өргөдөл, гомдол хариуцсан
мэргэжилтэн залуу хэлсэн.
-Үймээнийг хараад зогсч байгаа хүний зургийг нотлох баримт болгож,
зарим хүнийг ялласан байсан. Харин цагдаа нарыг тэгсэнгүй. Мэдээж, гэрэл
зураг хангалттай л байгаа байх. Хоёр өөр эрх ашиг үйлчлээд байна гэж та
боддог уу?
-200 гаруй иргэнийг яллахдаа тэрний шидсэн чулуу тэр цонхыг хагалсан гэж
бичээгүй, цагдаа оносон гээгүй. Юу гэсэн бэ гэхээр “Чулуу шидсэн. Чулуу
шидсэн нь гэмт хэрэг” гэж дүгнэсэн. Үүнийг нь прокурор нь зөв байна
гээд шүүхэд шилжүүлж, шүүх нь хуралдаад гэмт хэрэг байна гээд ял өгч
байгаа юм. Харин төрийн албан хаагч болохоор “Хэнийг хэн буудсан нь
тодорхойгүй учраас хэрэгсэхгүй болголоо” гэж байгаа юм. Яг ижилхэн
хэргийг шүү дээ. Хэрэв 200 гаруй залуусыг ингэж ялласан л юм бол буу
барьсан цагдаа болгоныг яллах ёстой. Хэрэгсэхгүй болж байгаа бол ял
авсан залуус ч цагаадаад, нөхөн олговор авах ёстой. Гэтэл ингээгүй нь
хуулийг хэн дуртай хүн дуртайгаараа тайлбарлаж болдог гэсэн илэрхийлэл.
Нэг хэрэг дээр л хоёр ондоо шийдвэр гарлаа шүү дээ.
-Таныг Засгийн газраас олгосон нөхөн олговрыг аваад дуугүй
болчихлоо гэх хүмүүс байдаг. Санал болгосон 50 сая төгрөгийг нь авсан
уу?
-Бусад хохирогчид маань авсан. Амьдрал хүнд байна шүү дээ. Авмаар байвал
ав гэдгийг ч би хэлсэн. Би бол аваагүй.
-Яагаад аваагүй юм?
-Засгийн газар иргэд рүүгээ галт зэвсэг шагайлгаж, миний хүүхдийг
алуулчихаад уучлалт гуйлгүйгээр мөнгө өгнө гэдэг, өгснийг нь дуугүй авна
гэдэг утга учиргүй зүйл.
-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Буудах
зөвшөөрөл өгөөдөх” гэж орилсон хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
хурал дээр байсан гэдгийг хэлж байсан. Хавтаст хэрэгт тэр талаарх
протоколыг нь оруулсан байх юм уу?
-Үгүй. Тийм юм байгаагүй. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд
байсан Ц.Мөнх-Оргилтой уулзаад, буудах зөвшөөрөл өгөөгүй юм бол хурлын
материалтай танилцья гэсэн. Тухайн үед албан бусаар танилцаж болно
гэсэн.
-Та танилцсан хэрэг үү. Хэн тэгж хэлсэн юм бол оо?
-Танилцах болсон чинь ингэвэл ийм ялтай, тэгвэл тийм ялтай гэсэн гурван
хуудас цаас бөглүүлсэн. Дараа нь гараараа протоколыг дарж байгаад
“Буудаж болохгүй” гэсэн үгнүүдийг түүж уншуулна гэсэн.
-Тэгэхээр юу мэдэх вэ, тэндээс?
-Харин тийм. “Та нар битгий ингэ. Намайг хариуцлага алдсан тохиолдолд ял
үүрүүлнэ гэсэн цаас бөглүүлчихээд өөрсдийн хүссэн өгүүлбэрээ уншуулах
нь утгагүй биз дээ” гэж би хэлсэн. “Галт зэвсэг оролцуулахгүйгээр
үймээнийг тараах ажлыг хийж болохгүй байна” гэж тухайн үеийн ЦЕГ-ын
даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд орилж байсан гэдгийг Аюулгүй байдлын
зөвлөлийн хуралд суусан УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн хэлсэн. Энэ
хуралдаан хэзээ ч ил болдоггүй юм билээ. Ямар сайндаа үнэнийг хэлсэн
УИХ-ын гишүүн нууцын зэрэглэлтэй баримт тараалаа гээд хэцүүдсэн байх.
Тэр мэдэгдлийнх нь төлөө түүнийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах
албанаас дуудахад нь очоогүй, тодорхой шалтгаанаар мэдүүлэг өгөөгүй.
-Одоо энэ хэргийг дахин сэргээлээ гэхэд та нарын санаснаар
шийдэгдэх болов уу. Ерөнхий прокурортой уулзсан уу?
-Бид уулзах гэж байтал “Цагдаа нарын хэргийг сэргээх гэж байна” гэхээр
нь энэ хүний цагийг үрээд яах вэ гээд хандаагүй.
-Ерөнхийлөгчтэй уулзсанаас хойш асуудалд ахиц гарав уу?
-Өлсгөлөн зарлаж байхад Ерөнхийлөгч уулзсан. “Та нарыг өлсгөлөн зарлаж
байгааг хараад байх надад хэцүү байна. Өлсгөлөнгөө зогсоочих.
Ерөнхийлөгчийн хувьд та нарыг зогсоогоосой гэж хүсч байна. Би 2008 оны
долдугаар сарын 1-ний маргааш хэлж байсан үгэндээ эзэн болно. Анхнаасаа
энэ хэргийг ард түмнийхээ эсрэг буруу зүйл хийлээ гэсэн байр сууриндаа
хэвээрээ байгаа. Та нараас тавих санал юу байна” гэсэн. Тухайн үед
Ерөнхийлөгчийн хийж болох асуудлын хүрээнд хөшөөний асуудлыг шийдэж
өгөөч. Буудуулж шархадсан гурван залууг хөл дээр нь босгоод өгөөч. Бодит
хохирлыг хөөцөлдөж өгөөч гэж санал тавьсан. Энэ гурван асуудлыг
зөвлөхүүд нь хувааж аваад шийдвэрлэхээр болсон. Энэ хэлцлийн хүрээнд
өлсгөлөнгөө зогсоосон.
-Хийсэн хэлцэл биелсэн болов уу?
-Шийдэгдсэн. Хөшөөний асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хотын
даргад, НИТХ-д тавиад ямар ч байсан шийдсэн. Үндэсний түүхийн музейн
Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд босгохоор болсон. Саяхан
Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
А.Ганбаатар намайг дуудаж уулзсан. Хөшөөг босгох талаар ямар байр
суурьтай байгааг сонсох гэж л дээ. Эдийн засгийн хувьд хөшөөг босгох
ажлыг гүйцэтгэх боломжгүй байгаагаа түүнд хэлсэн. А.Ганбаатар зөвлөх
“Ямар ч байсан хөшөөг босгоход зарцуулах хөрөнгийг Ерөнхийлөгчийн Тамгын
газар дааж авсан. Гүйцэтгэгч байгууллагаа олж өгөөч” гэсэн л дээ. Бид
хөшөөний загварыг хийсэн уран бүтээлч н.Золбаяртай ярилцаад өөрсдөө
хийхээр болсон. Өөрийн бүтээлээрээ өөрөө хөшөө босгох болсонд баярлаж
байгаа.
-Хоёр өөр нийгмийн хэлмэгдэгсдийн хөшөөнүүд зэрэгцэх нь ээ?
-Тийм. Аравдугаар сард болох Хэлмэгдэгсдийн өдрөөс өмнө босгох санаа
байна. Миний хувийн санаа л даа.
-Өмнөд Солонгост хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн зардлыг
шилжүүлээгүйгээс эмчилгээг нь зогсоох гээд байна гэсэн яриа гарсан. Тэр
ямар учиртай юм бэ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас төсвийг нь гаргаад Өмнөд Солонгосын
эмнэлэг рүү гурван хүүхдийг шилжүүлсэн юм билээ. Тухайн үед Солонгосоос
тийм хэмжээний зардал гарна гэсэн бичиг ирсний дагуу төлсөн. Гэтэл
эмчилгээ хийлгээд ирэхээр төлөвлөгдөөгүй зардал гарсан. Дөрвөн сарын
дотор л гэхэд нэг хүүхдэд дөрвөн удаа хагалгаа хийсэн. Эмчилгээний үр
дүнг сайжруулах үүднээс л дээ. Гурван удаа хагалгаанд оруулна гэж байсан
нь эмчилгээний явцад зургаа болох жишээтэй. Тэгэхээр зардал нь өсөөд,
хугацаа нь сунгасан байх л даа. Ц.Оюунгэрэлийн ажлыг нь авсан
Ерөнхийлөгчийн шинэ зөвлөх Ч.Сосормаатай уулзахад “Асуудлаа
танилцуулаарай. Хамтарч ажиллана. Та нарын асуудалтай сайн танилцаж
амжаагүй байна” гэсэн л дээ.
-Цагдаа нарын хэргийг сэргээвэл ямар зүйл заалтаар сэргээх бол. Та
юу гэж бодож байгаа вэ?
-Албан тушаалын хэрэг сэргэхгүй. Хэрэв сэргээвэл галт зэвсэг хэрэглэн
хүний амь насыг хохироосон гээд байгаа цагдаагийн албан хаагч нарын
хэргийг л сэргээнэ. Сэргээвэл санаатай хүн амины хэрэг хийсэн гэдгээр
яллана. Буудах тушаал өгсөн байх юм бол Цагдаагийн тухай хуулиар тэдний
хэрэг гэмт хэрэг биш болж хувирна.
-Ингэсэн тохиолдолд яах бол. Тэд дахиад өршөөлийн хуульд хамрагдчих
юм биш биз дээ?
-Хэрэв тэгвэл тухайн тушаал өгсөн дарга хариуцлага хүлээх болно.
Тэгэхээр цагдаа нарын хэрэг сэргээгдээд өөрсдөө сайн дураараа буудсан
болбол хүний амь насыг санаатай хөнөөсөн хэргээр яллуулна. Тушаал өгсөн
бол үүрэг өгсөн хүнээ хэлнэ. Тэрийгээ хэлбэл “Албан тушаалдаа
хариуцлагагүй хандсан” гэсэн ял байсан бол өгсөн тушаалаас нь болж хүний
амь эрсэдсэн учраас санаатай болон санаандгүй хүний амь нас хөнөөсөн
зүйл ангиар шийдэгдэнэ. Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй
шүү дээ.
-Анзаарч байхад цагдаа нарыг ам алдуулахгүй гэсэндээ бүгдийг нь нэг
өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн юм шиг. Анхнаасаа буудсан гэсэн цагдаа нар
дарга, цэрэггүй нэг өмгөөлөгчтэй байсан. Ер нь цагдаа нар үүргээ
биелүүлсэн гэж та боддог уу?
-Үүргээ биелүүлээгүй. Цагдаа нар буудсан хүнээ хамгийн түрүүнд эмнэлэгт
хүргэж өгсний дараа рапорт бичээд түүнийг нь прокурор хянах ёстой
байсан. Ингэсэн бол асуудал долдугаар сарын 5-6-нд нэг тийшээ болох
байлаа. Цагдаагийн тухай хуульдаа ингэж байгаа.
-Гэхдээ аргагүй тохиолдолд амин бус газар нь буудаад, анхны тусламж
үзүүлээд, эмнэлэгт хүргэнэ гэж л дээ. Бүх эрхийг нь өгсөн байгаа юм.
Гэтэл н.Батзаяа гээд хүү буудуулчихаад хэвтэж байхад нь цагдаа нар ирээд
“Хохь чинь” гээд толгой руу нь дэвсчихээд яваад өгсөн. Тэгэхээр цагдаа
үүргээ биелүүлсэн байна уу?
-Биелүүлээгүй. н.Ариунбаатар гэж бас буудуулан шархадсан залуу бий.
“Гранд оффис”-ийн барилгын ойролцоогоос 20-30 залууг барихдаа
н.Ариунбаатарыг “Орхи” гээд хаяад явчихсан байгаа юм. Уг нь түүнийг
хамгийн түрүүнд авч явах ёстой. Ингэсэн хэрнээ мэдүүлэгтээ “Түргэн
тусламж дуудсан” гээд мэдүүлчихжээ. Энэ мэтээр үүргээ биелүүлээгүй
цагдаа нарыг Цагдаагийн хуулийн хүн буудаж болно гэсэн заалтаар зөвтгөнө
гээд гүрийгээд байна.
-Цагдаа нарын мэдүүлэгт буудуулж шархадсан хүмүүсийг харсан гэсэн
юм байдаг болов уу?
-Байна. н.Батзаяаг бол өөрсдөө “Хохь чинь” гээд өшиглөөд явчихсан учраас
юу гэж хэлэх вэ дээ. Тааралдсан тухайгаа ч яриагүй байдаг. Харин
н.Ариунбаатарын талаар түргэн дуудсан гэдэг. Яагаад гэвэл гэрчүүд байсан
учраас. Гэрч байгаагүй бол нуугаад л өнгөрөх байсан.
-Долдугаар сарын 1-ний үймээний рапорт гэж ер нь байдаг болов уу.
Байдаг бол хэрхэн тэмдэглэсэн байдаг юм бол?
-Байхгүй. Цагдаагийнхны санаа нь хэргийг дараад өнгөрөөж чадна гэсэн
бодолтой байсан юм шиг. Тийм ч учраас рапорт бичээгүй. Одоо үнэнд
гүйцэгдээд ирэхээрээ сонин сонин юм хэлдэг. Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлөөс “Хүний амь нас эрсдэх нөхцөл байдлыг үүсгэж болохгүй.
Цагдаагийн албан хаагчид галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэсэн зөвлөмж
өгсөн байгаа юм. Тэр зөвлөмж, Үндсэн хууль, олон улсын конвенцийн
дээгүүр харайж хүн буудчихсан шүү дээ. Эцэстээ хэн хэнийг буудсан нь
тодорхойгүй учраас гэмт хэргийн үндэсгүй гэсэн тэнэг тайлбар хийгээд,
ичихгүй зогсч байна.
-Рапорт яагаад бичээгүйгээ хавтаст хэрэгт юу гэж мэдүүлсэн байх юм?
-Энэ хүмүүс чинь одоо хүртэл хэргээ хүлээгээгүй байгаа. Буудсан,
буудаагүй гэдгийг тогтоох шаардлага байхгүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл нотлох баримтаар тогтоогдчихсон байхад хэргийн эзэн хэргээ
хүлээх, хүлээхгүй нь хамаагүй шүү дээ.
-Нотлох баримтаар тогтоогдчихсон хэрэг үү?
-Гэрчүүд нотолж байна. Буудсан гээд байгаа хүмүүсийн явсан зам, маршрут
нь буудуулсан хүмүүсийн байрлалтай тохирч байна. Цагдаагийн ийм буунаас
тийм сумны хонгио гарчээ. Энэ буугаар энэ хонгиог буудсан байна гэдгийг
шинжилгээгээр нотолчихсон байгаа.
-Бүр тэгээд нотолчихсон хэрэг үү. Тэгвэл тухайн бууг барьж явсан
хүн бүр тодорхой болчихсон, хэрэг илэрчихсэн юм биш үү?
-Хөдөлшгүй нотлох баримт бий. Буу барьж явсан хүн нь тодорхой. Буунаас
нь сум гарсан нь тодорхой. Гарсан сум нь хүний амийг хөнөөсөн нь
тодорхой. Ийм байхад хуулиар цагдаа хүн буудах эрхтэй гээд байгааг
ойлгохгүй байна.
-Тэр хамааруулаад байгаа зүйл заалт нь яг юу гэсэн заалт байдаг юм
бэ?
-Цагдаагийн хуулийн 40-1-1 гэж байгаа юм. Бусдын болон цагдаагийн албан
хаагчийн амь насанд ноцтойгоор аюул учруулахаар довтолсон тохиолдолд гал
нээнэ гэсэн заалт л даа. Гэтэл амиа алдсан хүмүүс бүгдээрээ 00.00
цагаас хойш амиа алдсан. Түүнээс өмнө нь амиа алдаагүй. Харин 00.00
цагаас хойш бэртэж, гэмтсэн цагдаа ганц ч байдаггүй. Тэгэхээр тэнд
цагдаа нарын эсрэг довтолгоо болоогүй байгаа биз. Довтолсон бол
цагдаагаас бэртсэн хүн байх ёстой. Иргэн нь амь насаа алдаагүй, цагдаа
бэртээгүй байхад цагдаагийн суманд жирийн дөрвөн иргэн амиа алдаад,
долоогоос найман хүн галт зэвсгийн улмаас шархадсан байгаа юм.
-Цагдаа нар өдөр МАХН-ын байр руу дайрч байх үеэр бэртэцгээсэн
хэрэг үү?
-Өдрийн цагаар мянга гаруй цагдаагийн албан хаагч үймээнийг зогсоох гээд
чадаагүй байтал шөнө 200-хан цагдаа хоёрхон цагийн дотор эмхэлчихсэн.
Иргэд бөөгнөрсөн газарт очиж, хүн буудан иргэдийг айлгаж тараагаад,
баривчлахыг нь баривчлаад л дуусгасан. Ингэсний дараа 03.00 цагт “Байдал
бидний гарт орлоо” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хоёрхон цагийн дотор
200-хан албан хаагч тарааж чадсан юм бол яагаад өдөр мянгуулаа байж
чадаагүй юм бэ. Ингээд бодохоор тодорхой байгаа биз дээ. Тиймээс цагдаа
нар буудсан. Хүн буудсан ял дээр нь хэргээ нуун дарагдуулснаас эхлээд
олон зүйл ангид хамруулж болно, тэднийг. Гэтэл “Цагдаа буудаагүй ээ”
гээд байгаагаас Ерөнхий сайд асан С.Баяр цагдаад үүрэг өгчихсөн юм болов
уу гэж бодогддог.
-Ерөнхий сайд С.Баяр цагдаа биш өөр хүн буудсаныг нь харсан юм
болов уу?
-Харин тийм. Цагдаа буудсаныг харсан хүн байхад нэг талыг барьж тийм үг
хэлэх нь утгагүй зүйл. Хариуцлагатай хандая гэсэн бол “Бид байдлыг
нягталж байна. Бодит үнэнийг гаргана” л гэх ёстой. Гэтэл бүгдээрээ
“Цагдаа буудаагүй ээ. Буудаагүй гэдгийг би хариуцна” гээд байсан. Одоо
буудсан нь нотлогдчихсон. Тийм болохоор “Би хариуцлагыг нь хүлээнэ” гэж
байсан С.Баяр ямар хариуцлага хүлээх юм бүү мэд. Хэргээс мултрах өөр
логик байсан бол цагдаа нар хамгийн түрүүнд гаргаж ирэх байсан.
-Яагаад тэгэх байсан гэж?
-Тэд чинь өөрсдөө гэмт хэргийг илрүүлдэг хүмүүс. Өөрсдөө хүний хэрэг
үүрэх гээд зогсохгүй биз дээ. Хэрэв хүний амь хөнөөсөн хэргээр цагдаа
нар шүүхэд очвол 15 жилийн ял авахыг хүсэхгүй учраас үнэнээ хэлнэ.
Тиймээс тушаал өгсөн хүнээ хэлж л таараа. Тушаал өгсөн ч хэлдгээ хэлж,
нэлээд дээшээ албан тушаалтан руу өгсөх болов уу. Бид харин Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид их талархаж байгаагаа танай сониноор дамжуулан хэлмээр
байна. Тэр Ерөнхийлөгч шиг байж тусалж, асуудлыг шийдүүлэхийн төлөө явж
байгаад талархаж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Хэргийн үнэн зөв олдох болтугай.
Л.НАРАНТӨГС