Д.Түвшинжаргал: Маргаашийн гэрэл гэгээтэй нийгмийн төлөө өнөөдөр багш хүүхэд бүрийг хөгжүүлэх ёстой
Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Шинэчлэлийн их ажлыг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Баянгол дүүргийн 73-р сургуулийн багш Д.Түвшинжаргалтай уулзаж цөөн хором ярилцлаа.
- Хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх боломж байна уу?
- Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ бас учир байна. Миний бодлоор одоо багш бүр л хүүхэд бүрээ хөгжүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Миний хүүхэд авьяастай, миний хүүхэд ийм юм чадна гээд л. Гэтэл нийгмийн байдал ороо бусгаа, ар гэрийнх нь амьдрал хэцүү байдлаас болоод хүүхдийн сурлага мууддаг. Сургууль дээр өнгөрөөдөг дөрвөөс таван цагт хүүхэд мэрийгээд, хичээлээ сонирхдог ч гудамжинд гараад л тэс өөр амьдрал тэднийг угтдаг. Тэгэхээр ганц багшийн, ганц сургуулийн асуудал биш. Чанартай боловсрол гэдэг бол нийгэм, эдийн засаг, гэр бүл гээд бүгдээс нь хамаарах асуудал. Тэгэхээр эхлээд нийгмээ өнгө үзэмжтэй, гэгээлэг болгох хэрэгтэй байгаа юм.
- Ирээдүйн нийгмийг өнгөтэй, гэгээтэй байлгахын тулд л өнөөдөр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэж үзээд салбарын яамнаас ийм бодлого дэвшүүлсэн байх. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хэцүү байна гэсэн үг үү?
- Хэцүү гээгүй. Өнөөдрийн зургаан настнууд л ирээдүйн нийгмийг цогцлооно шүү дээ. Тийм болохоор л бид аль болох жигд хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Хөгжиж ч байгаа…
- Тэгвэл энэ шинэчлэл та бүхний ажилд ямар өөрчлөлт, дэвшил авч ирсэн юм бэ?
- Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго багшид өмнө нь байгаагүй биш байсан. Гэвч биелүүлэх боломж байгаагүй. Багш нар өөрийгөө бас хүүхдээ илэрхийлж чаддаггүй, тийм боломжгүй байсан. Харин одоо бол маш нээлттэй болсон. Багш нар заах хичээлээ өөрөө хэзээ, яаж заахаа шийддэг болчихлоо. Хүүхдийнхээ авьяасыг нээж, чадварыг нь хөгжүүлэхэд илүү цаг зарцуулдаг боллоо. Одоо бол илүү хөдөлгөөн хийхээсээ багш айх биш харин ч бүр содон сонин зүйл сэтгэж, хүүхдийг хөгжүүлдэг тийм цаг үе ирчихлээ шүү дээ.
- Та өөрийн дааж авсан дөрөвдүгээр ангийн 26 хүүхдээ жигд хөгжүүлэхийн тулд ямар арга хэрэглэж байна вэ?
- Уламжлал болоод ирсэн аргаасаа салж байгаа. Өмнө нь багш нэг иймэрхүү байдлаар хичээлээ явуулчихвал хүүхэд илүү ойлгоно гээд хийх гэхээр дээрээс заавал тэгж явуул гэсэн дарамт ирдэг байсан. Одоо бол тийм дарамтгүй болсон болохоор багш нар өөрийн хүссэн аргаараа хичээлээ явуулж байна. Хамгийн гол нь миний дааж авсан хүүхдүүд тэр жил олох ёстой мэдлэгээ л бүрэн авах ёстой. Миний хувьд би хүүхдүүдийнхээ сонирхол, хоббиг хамгийн түрүүнд мэдэхийг хичээдэг. Түүн дээр нь тулгуурлаж байж л хүүхдийн авьяасыг нээнэ. Түүгээр нь дамжуулж л бусад хичээлүүдээ ойлгуулдаг. Хүүхэд сонирхдог зүйлдээ л хамгийн дуртай байдаг. Чи заавал үүнийг хий. Бүжиглэх сонирхолгүй хүүхдийг бүжиглэ, дуулах сонирхолгүй хүүхдийг дуул, зурж, наах сонирхолгүй хүүхдийг зур гэж шаардвал тэр дарамт болно шүү дээ. Хүүхэд бүрт өөр өөрийн сонирхол байдаг. Магадгүй зарим нь бусдыгаа хараад сонирхдог зүйлээ олж авдаг. Би өөрөө зургийн дугуйлан хичээллүүлдэг. Саяхнаас цаасан нугалбарийн хичээл орж эхэлж байна. Үүний ач холбогдол нь хүүхдийн сэтгэхүй их сайн хөгжинө. Мөн хараа зүйн хөгжил сайжирна. Аливааг дараалалтай авч үздэг болно гээд олон ач холбогдолтой.
- Шинэ арга барилаар хичээлээ явуулаад хүүхдэд ямар ахиц гарч байна вэ? Өмнөхөөсөө сайжирч чадаж байна уу?
- Мэдээж ахиц гарч байгаа. Хамаагүй өөр болж байна. Энэ шинэчлэлүүд чинь намайг гуравдугаар ангитай байхад эхэлсэн шүү дээ. Тэр үед би ангийнхаа хүүхдүүдээс судалгаа авсан юм. Ангийн маань хэдэн хүүхэд юунд сонирхолтой байна вэ гээд. Гэтэл ангийн талаас илүү хувь нь спортод их сонирхолтой гэсэн дүн гарсан. Тэгээд биеийн тамирын багштай нь ярьж байгаад уралдаан тэмцээнүүдэд оруултал маш их амжилт үзүүлсэн. Дүүргийн хөнгөн атлетикийн тэмцээнээс медаль хүртлээ. Цаасан нугалбар сонирхдоггүй байсан хүүхдүүдэд тэр хичээлийг орсноос хойш хүүхдүүд маань бүр дуртай болчихсон. Байсхийгээд л багш аа үүнийг яах вэ гээд өнгийн цаас барьж гүйж ирээд байгаа. Сурлагын хувьд ч маш их ахисан. Багш хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй харилцаад, тэдний сонирхлыг нь харгалзаад, тэднээр өөрсдөөр нь хийлгэж, түүнд нь туслаад байгаа болохоор хүүхдүүд маань их өөртөө итгэлтэй, урамтай болсон. Өмнө нь нэг их хичээлдээ идэвхгүй, асуулт асуухад хоёр гурав нь л гараа өргөж хичээлдээ оролцдог байсан бол одоо ам уралдаад л хариулдаг болсон. Хүүхдийг ургаж яваа ногоотой адил жаахан услаад дэмжээд өгөхөд л өнгө нь сэргээд юм бүхнийг чаддаг болчихдог.
- Та 25 жил багшлахдаа маш олон засгийн нүүр үзсэн. Сайд солигдох бүрт л боловсролын бодлого солигддог. Улс төр энэ боловсролоор үнэхээр тоглож байна гэх хүмүүс ч байдаг. Таны бодлоор хамгийн сайн бодлого хэзээ хэрэгжиж байсан бэ?
- Тухайн үе, нийгэмдээ таарсан бодлогууд явуулж байсан болохоор бүгд л зөв байсан байх. Одоо бол яг тэр улс шиг гэхээсээ илүү Монгол хүүхдийн онцлогт тохирсон бодлого хэрэгтэй. Зөв монгол хүүхэд гээд үндэсний хөтөлбөр байна. Энэ бол зөв. Тэгэхгүй жаахан хуулбарлах гээд байдаг тал байсан. Жишээлбэл энэ Кембрижийн сургалт гээд л яг түүнийг хуулаад байдаг. Гэтэл Монгол хүүхдэд таардаг ч юм уу үгүй ч юм уу. Кембрижийн стандартаар хичээлээ явууллаа гээд үр дүн гарсан ч юм уу үгүй ч юм уу. Гадны олон сайн хөтөлбөр, стандарт байна гэхээсээ илүү Монгол хүүхэд бүрийнхээ авьяасыг нь нээе. Тэдний сонирхол дээр нь тулгуурлаад бүгдийг нь жигд хөгжүүлье. Энэ бол маш зөв.
- Хүүхдийг бас үгэн үнэлгээгээр дүгнэдэг болж байгаа. Энэ танд ямар санагдаж байна вэ?
- Би ер нь бага насны хүүхдийг үнэлээд, дүгнээд байхыг нэг их хүсдэггүй. Бүр багаас нь чи бол муу, харин чи бол онц гээд л. Энэ нь хүүхдийг маш буруу төлөвшүүлдэг. Харин үргэлж урамшуулдаг байх хэрэгтэй. Чадаагүй гурвыг нь биш чадсан нэгийг нь олж хараад “сайн байна” гээд хэлчихэд л хүүхэд урам ороод дараа хоёрыг нь чадахын төлөө хичээдэг байхгүй юу. Үгэн үнэлгээний гол зарчим нь л энэ шүү дээ.
- Л.Гантөмөр сайд өнгөрсөн намар бүх дүүргийн багш нартай уулзаж, бодлогоо танилцуулсан. Энэ үеэр багшид, сургуульд эрх мэдлийг өгнө. Багшийг сар бүрийн тайлан, конспектний ажлаас чөлөөлнө. Багшид заах хичээлийг нь тулгахаа болино гэж байсан. Эдгээр амлалтандаа хүрсэн болов уу?
- Тайлан конспект бичнэ гэж нэг том ажил байлаа. Хуваарийн дагуу хичээлээ явуулаад л түүнийгээ тайлагнадаг. Сайд амлалтандаа хүрсэн. Одоо багш нар хичээлээ хэрхэн яаж заахаа өөрсдөө мэдэж байна. Дээрээс ирдэг хатуу дарамт үгүй болсон.