Юанийн ханш төдийлөн өөрчлөгдөөгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Юанийн ханш төдийлөн өөрчлөгдөөгүй байна

Ам.долларын ханш өсвөл юань дагаж өсч, буурвал аанай л дагаад уначихдаг тогтолцоо өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байв. Харин өнгөрсөн долоо хоногоос Бээжин ханш уясан энэ хатуу бодлогоо өөрчлөн уян хатан болгож, юаниа хүчтэй валют болгох марафонд оролцох болсноо олон нийтэд мэдээлсэн юм. Улмаар юань “ноён ногоон”-ны эсрэг 6.80-ыг давж, 2005 оны долдугаар сарын валютын ханшны өөрчлөлтөөс хойш хамгийн өндөр төвшинд хүрчээ. БНХАУ-ын Ардын банкны энэ бодлогод АНУ талархаж, Япон сайшаагаад буй. 

Харин Монголд дээрх мэдэгдлийн дараахан юанийн ханш төгрөгийн эсрэг 50 мөнгөөр нэмэгдсэн байсан ба өчигдөр Найман шарга валютын захад юанийг 202.30 төгрөгөөр авч 203 төгрөгөөр зарж байлаа. Хятадын мөнгөний бодлогын цочир мэдээллээс үүдээд юанийн ханш Монголд өсөх үү гэсэн асуулт гарч ирж байсан. Найман шарга зах болоод төв банкны нэрлэсэн ханшид нэг хүрэхгүй төгрөгийн л өөрчлөлт гараад байна. Энэ нь төдийлөн сүртэй өсөлт биш гэж мэргэжилтнүүд, хийгээд валютын ченжүүд хэлж байна. Төв банкнаас тогтоодог албан ханш 202.36 төгрөг байгаа ба өмнөх өдрүүдээсээ цөөн мөнгөн дээр хэлбэлзэж нэмэгдсээр буйг дараах графикаас ажаарай.

Хамгийн гол нь ам.долларын төгрөгийн эсрэг ханш буурч байхад, юанийх өсч буй нь урд хөршийн Ардын банкны бодлоготой холбоотой гэж харагдахаар байна. Манай улсын гадаад худалдааны төлбөр тооцооны 25 хувийг юань эзэлдэг гэсэн тоог бид зүгээр хараад өнгөрч боломгүй санагдана.

Нэг жилийн өмнө 2009 оны гуравдугаар сард ам.доллар галзуурч албан ханш 1576 төгрөг болоход түүнээс шууд хамааралтай юань 230.76 төгрөг болж байв. Төгрөгийн үнэ цэнэ бусад валютын эсрэг суларч буйг бодлого баригчид маань ашгүй нэг мэдэрч шат дараатай арга хэмжээ авсны ачаар ам.доллар одоогийн ханшийг “олоод” буй. Үүнийг дагаад өнөө юань ч унаж, 200 төгрөг гэсэн ханш дээр тогтох төлөвтэй болж ирсэн юм.

Банкны теллерүүдийн яриагаар, хамгийн их хадгаламжтай, хамгийн их бэлэн мөнгө гаргуулдаг харилцагчид хятадууд байдаг. Улаанбаатарын хамгийн үнэтэй орон сууцыг тэд л худалдан авч, өндөр зэрэглэлтэй зочид буудалд буудаг гэх. Улмаар газар доорх баялгийн минь чамгүй олон лиценз хятадуудын гарт бий. Тэд буурай Монголыг хүний олноор, зэвсгийн хүчээр биш зүгээр л хөрөнгийн хүчээр эзэгнэх бодлоготой гэж бараг насанд хүрсэн монгол хүн болгон харддаг. Энд хардлагыг иш татахад нь төдий л тохиромжтой бус. Гэвч юанийн ханшийн “эрх чөлөө” Монголд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултад одоогоор төв банк болон салбарын мэргэжилтнүүд хариулт өгөөгүй л байна. Хариултгүй асуулт болгон хардлага өдөөдөг. Тэр тусмаа санхүү, мөнгөний талаар ойлголт муутай иргэдийн хувьд мэргэжилтнүүдийн үг туйлын чухал байдаг болохоор тэднээс, ялангуяа мөнгөний бодлого атгадаг төв банкнаас иргэд хариулт хүлээж буйг дахин дуулгая.

Б.БЯМБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж