-Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг манайх гаргадаг болоод удаагүй, энэ талаар иргэд төдийлөн ойлголтгүй байна. Энэ судалгааг хийх болсон хэрэгцээ шаардлага…?
-Манай улсын нийт эдийн засгийн хэрэглээний зардалд эзлэх өрх гэрүүдийн хэрэглээний зардлын хувийн жин 50 гаруй хувь болтлоо өссөн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад хэрэглэгчдийн хэрэглээндээ зарцуулж буй зардлын хэмжээ болон шийдвэр нь эдийн засаг дахь хэрэглээний ирээдүйн хандлагыг бүхэлдээ тодорхойлох болсон байна. Иймд өнөөдөр манай улсад нийт хүн амын хэрэглээний хандлагад гарах өөрчлөлтийг зайлшгүй тооцох, үүний үндсэн дээр үйл ажиллагаагаа төлөвлөж явуулах шаардлага төр засгийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгараад байна.
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс /ХХИ/ нь эдийн засгийг урьдчилан таамаглаж, ирээдүйд хэрэглэгчдийн хандлага ямар байх нь вэ гэдгийг гаргадаг индекс юм. Богино хугацааны тодруулбал, 1-6 сарын хугацааны эдийн засгийн прогнозыг тодорхойлж өгдөг. Манайх одоогийн байдлаар улирал тутам хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцож байна. Цаашид сар бүр энэ индексийг тооцдог болохоор зорьж байна. Учир нь индексийг гаргах хугацаа нь богино байх тусмаа эдийн засгийн цаашдын хандлагыг илэрхийлэх чадвар нэмэгдэх юм. Бид ХХИ-г өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас Санхүүгийн зах зээлийн холбоо дагнан гаргаж эхэлсэн, харин энэ жилээс эхлэн Нээлттэй нийгэм форумтай хамтарч ажиллах болсон.
-Индексийг гаргасны ач холбогдол юу вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал цаашдын хандлагыг зөв тодорхойлох, аж ахуйн нэгж, төрийн байгууллага хэрэглэгчдийн хэрэглээний ирээдүйн хандлагын талаар бодит мэдээлэлтэй болж, үүний үндсэн дээр хэрэглэгчдийн хүлээлттэй уялдсан төлөвлөгөө, шийдвэр гаргах боломж олгодгоороо гол давуу талтай юм.
Өнөөдөр Монгол Улсын хэрэглэгчдийн буюу өрхүүдийн хэрэглээндээ зарцуулж байгаа мөнгө манай улсын нийт хэрэглээнд зарцуулж байгаа мөнгөний 50 гаруй хувьд хүрээд байна. Хөгжингүй орнуудад энэ харьцаа 70 гаруй хувьтай байдаг. Тэгэхээр энэ мөнгө ирээдүйд хаашаа чиглэх вэ гэдгийг тодорхойлоход энэ индексийн гол ач холбогдол оршино. Индексийг тогтмол тооцох шаардлагатай, ингэж хэвшвэл эдийн засгийн ирээдүйн төлвийн талаар зөв төсөөлөл гаргах бодитой мэдээллийн баазтай болж, хүн бүрийн үгээр элдэв таамаглал дэвшүүлээд байх шаардлагагүй болно.
-Энэ оны эхний улирлын индексээр ямар дүгнэлт гарсан бэ?
-Өнгөрсөн оныхтой харьцуулахад, хэрэглэгчдийн эдийн засгийн төлөв байдлын талаарх сөрөг хандлага буурч байгаа нь ажиглагдлаа. Хэрэглэгчдийн хүлээлтийн индексийг 2009 оныг суурь он болгон тооцоход 104.51 буюу 4.51 хувийн өсөлттэй гарсан нь хэрэглэгчдийн хувьд ойрын үед эдийн засагт өсөлт гарна гэсэн хүлээлт байгааг харуулж байна. Энэхүү хүлээлт нь иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх магадлалтай бөгөөд цаашид эдийн засаг дахь бараа эргэлтийн хэмжээ нэмэгдэнэ гэж таамаглаж болохоор байна.
-Хэрэглэгчийн хандлага сайжрах болсон шалтгаан нь юутай холбоотой вэ?
-Манайд ер нь шок хэлбэрийн мэдээлэл маш хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг индексийг тооцох явцад нь харагдсан. Өнгөрсөн оны наймдугаар сард индекс огцом 20 хувь өссөн. Энэ нь тухайн үед санхүүгийн хямралаас бид гарч чадлаа, Оюутолгой төслийг үзэглэлээ гэх зэрэг мэдээллүүд гарч байсантай холбоотой. Энэ оны эхний улирлын индекс өсөлттэй гарсан нь уул уурхай түшиглэсэн хөгжил бодитой зүйл болж эхэллээ гэсэн ард түмний хүлээлт мөн Засгийн газраас ард иргэдэд тарааж буй бэлэн мөнгөтэй зарим талаар холбоотой гэж бид үзэж байна.
-ХХИ-ийг яаж гаргаж байна вэ?
-Хэрэглэгчийн хүлээлтийн судалгааг санамсаргүй түүврийн аргаар эдийн засгийн 13 салбарын нийт 1000 хүнээс биечилж асуулга авч тооцдог. Үндсэн таван асуулттай бөгөөд индексийн бодитой байдлыг хангах үүднээс нэмэлт 20 асуулттай. Асуултууд ерөнхийдөө одоогийн нөхцөл байдал ба ирээдүйн хүлээлт гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Оролцогчдыг насны бүтцээр ангилвал 18-29 насныхан 48 хувийг, 30-49 насныхан 42 хувийг, 50-59 насныхан есөн хувийг, 60-аас дээш насныхан тус тус эзэлж байна. Тэдний орлогын бүлгээр авч үзвэл 10 орчим хувийг 100 000-300 000 төгрөгийн орлоготой иргэд, харин 45 хувийг 300 000-500 000 төгрөгийн орлоготой иргэд эзэлж байна.
Б.СҮРЭН