Хүлээлт их ч, чадал нь бага

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Хүлээлт их ч, чадал нь бага

Орчин үеийн ихэнх улс орон хэрэглэгчдийн хүлээлтийн индекс гээч үзүүлэлтийг ихээр ашиглах болжээ. Арга ч үгүй юм, хэрэглэгчдийн ирээдүйн эдийн засгийн хүлээлтийг үүнээс илүү илрүүлэн гаргадаг үзүүлэлт байхгүй. Эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, ирээдүйн байдлын талаарх хүлээлт нь нийт эдийн засгийн хандлагад чухал нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоожээ. Гадны улс орнууд эдийн засгаа тодорхойлохын тулд хэрэглэгчдийн хүлээлтийн индексийг ашиглах болсон байна. АНУ, Герман улс үүнийг ашиглан өөрсдийн эдийн засгаа сайн тодорхойлж чаддаг.  Монгол Улс 2009 оноос энэ судалгааг хийдэг болж. Санхүүгийн зах зээлийн холбоо, Нээлттэй нийгэм форум тус судалгааг хийдэг байна. Даанч энэ судалгааны үр дүнг төр, засгийн томчууд тоодоггүй нь харамсалтай.

Төр, Засгийн газар улс төрийн хүчнүүдээс нийгэмд илгээж буй мэдээллүүдээс үүдэн хэрэглэгчдийн дунд тэр мэдээллүүдийн хүлээлт үүсдэг байна. Энэ оны эхний хагасын байдлаар хэрэглэгчдийн дунд эдийн засгийн байдлын талаарх бодол өмнөх оныхоос бага зэрэг өссөн байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлүүдээр ашигт малтмалын ордуудын талаар мэдээлэл гаргаж байгаатай уялдан хэрэглэгчдийн дунд эерэг хүлээлт үүсэхэд хүргэжээ. Монгол Улсын эдийн засгийн ирээдүйг эерэгээр хүлээж байгаа хэрэглэгчдийн хүлээлт нэмэгдэх нь мэдээж. Гэвч хэрэглээ нэмэгдэхийн хэрээр манай улсын инфляци нэмэгдэж байна.  Монгол-банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж оны эхэнд  “Энэ онд инфляцийг гурваас таван хувьд барина” гэж мэдэгдээд байсан боловч өнөөгийн байдлаар 13,1 хувьд хүрчихээд байна. Анод болон Зоос банкууд ар араасаа дампуурч, зарим нэг банкууд хүнд байдалд орлоо гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Энэ ганцхан шалтгаан л Монголын хэрэглэгчдийг банкинд итгэх итгэлгүй болгохоор. /Судалгаанд хамрагдагсдын 33 хувь нь банкууд найдваргүй гэж хариулсан байна./  Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ “суга” өссөн нь үнийн дарамтанд оруулаад зогсохгүй хэрэглээндээ тохирсон худалдан авалтыг хийж чадахгүйд хүргэжээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхийн хэрээр Монгол Улсад огцом ажилгүйчүүдийн тоо болон бүтцийн ажилгүйчүүдийн нэмэгдэж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зах зээлийн холбоодын хийсэн судалгаанд хамрагдагсад иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжээгүйгээр барахгүй хэрвээ энэ мөнгөөрөө үйлдвэр барьсан бол ажилгүйчүүдийн тоо багасч, хэрэглээний бараа болон инфляцийг өсгөхгүй байсан гэж үзэж байгаа юм. Мөн ашигт малтмалын ордуудыг нээж, үйлдвэр барилаа гэхэд тэнд ажиллах боловсон хүчин, гарах үр өгөөжийг нь ард түмэнд тэгш хүртээх нь чухал хэмээн үзэж байна.

Монголын иргэдэд эерэг хүлээлт, ирээдүйд итгэх итгэл байна. Даанч чадал нь алга. Хэрэглэгчдийн хүлээлтийн индекс гээчийг Сангийн яам судалж, түүнийгээ төрийн бодлого болгодог  байсан бол хэрэглэгч олон нийтээс тасарсан дүр зураг үүсэхгүй  л байсан юм сан.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж