Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Монголбанкны гацаа

Итгэлцлийн харилцаан дээр тогтож байдаг банкны салбарт ойлгомжгүй багахан асуудал ч гэсэн аюулын шуурга дэгдээж чаддаг. Тэгвэл сүүлийн үед “банк” гэдэг үгийг тойрсон далд “мэтгэлцээн” үүслээ гэж Төв банкны ерөнхийлөгч тодор­хойлжээ. Монголбанкны ерөн­хий­лөгч Л.Пүрэвдорж саявтар хэвлэлд өгсөн ярилцлагадаа төв банкнаас явуулж байгаа бод­логыг ойлгож байгаа мөртлөө “…улстөржиж, зориудын захиал­гатай материалуудыг хэв­лэ­лээр явуулж байгаа.  Хаанаас хэн яаж захиалаад  байгаа тодор­хой юм…” гэж хэлснийг иш татаж буй хэрэг. Дээр дурдсанаар асуудалд эмзэг байдаг банкны салбарынхан ийн хэвлэлээр дайтаж эхлэх юм бол бөөн “аюул”. Чингээгүй байхад али­ваа аюулыг холдуулж, сэргийлж байх ёстой төв банкны захирал  ийм үг хэлж байгаа бол бас нэг аюул. Нөгөө талаас ерөөсөө л төв банкны удирдлага ийм үг хэлж байгаа нь аюул гэж хэлж бас болно.

Ингэхэд арилжааны банкуу­дын бүтцийг өөрчлөх гэсэн сүр­тэй төлөвлөгөө яалаа? Монгол­банкнаас өнгөрсөн гуравдугаар сард боловсруулан гаргасан бүтцийн өөрчлөлт нэртэй энэхүү төлөвлөгөө олны анхаарлыг та­таж байсан. Гэвч хэрхсэн, хэр­­хэх нь тодорхойгүй болоод буй юм. Тэгвэл төв банкны ерөн­­­хийлөгчийн хэлснээр бол асуудал УИХ-ын босгыг давах уу, үгүй юү гэдэг дээр ирээд гацчихжээ. УИХ-ын зүгээс энэ төслийг чуулганаар хэлэлцүүлэх ёстой гэсэн нь ч ном журам ёсоор Монголбанк ийм асуудлыг чуулганд өргөн мэдүүлэх мэдэл үгүй. Нэг талаасаа банк, санхүүтэй холбоотой чухал асуудлыг чуулганаар хэлэлцэх ёстой ч ийм хуулийн заалт үгүй тул гацаанд орчихжээ. Ямартаа ч төв банкны ерөнхийлөгч Сан­гийн яам уг асуудлыг УИХ-д оруу­лах байх гэсэн найдлагатай байгаа юм байна. Энэ нь нэг талаараа Монголбанкны бүрэн эрхийг ч бас хөндөхөөр байгаа аж. Чухам яагаад ийм хөтөлбөр санаачлах болсныг төв банк­ныхан өнөөгийн банкны тогтол­цоог сайжруулах гэсэн үгээрээ л тайлбарлаж байна.

Гэтэл нуугдаад байгаа асууд­лын бас нэг өнцөг нь тө­рөөс банкны хадгаламжийг батал­гаажуулсан шийдвэрийн эр­гэн тойронд “сүүмийж” буй гэж үзэх хэсэг байна. Дэлхийн эдийн зас­гийн хямрал Монголыг шир­вэх нь ээ гэгдэж, иргэд хад­га­ламжаа татаж эхлэх вий гэ­дэг айдас хүүшилж байсан үед буюу 2008 оны эцсээр банк­ны хадгаламжийг төр баталгаажуулах шийдвэр гарга­сан. Энэ нэг талаасаа иргэдийн бан­кинд итгэх итгэлийг сайж­руулж, банкуудаа дэмжсэн бод­лого гэгдсэн ч төсвийн хө­рөн­­гөөр банкуудын эрсдлийг хаах арга хэмжээ болох вий гэ­сэн болгоомжлол үүсгэж бай­сан. Тэгвэл төв банкнаас нэ­гэнт энэ арга хэмжээ үүргээ гүйцэтгэсэн болохоор өөрчилж, зөвхөн хадгаламжийн баталгааг төрөөс шууд даах бус даатгалын тогтолцоогоо сайжруулах бод­ло­го болгох гэж байгаа юм бай­на. Үүнийг мягмар гаригийн Зас­гийн газрын хуралдаанаар хэлэл­цэж сайшаасан. Тиймээс эрсд­лээ төрөөс даалгаж бай­сан банкирууд үүнийг эсэр­гүү­цэж байна гэж Монгол­бан­к­ны Ерөнхийлөгч үзэж бай­­гаа юм бай­на.  “Одоо банк­ны системд 4.5 их наяд төгрөг бай­на.  Үү­ний 3.1 наяд нь харил­цах хад­­­галамж.  Үүнийг тө­рөөс бат­­­­­­­­лан даачихсан. Банк өмч­лөгч­­­дийн хөрөнгө гэж 260-аад тэр­бум төгрөг байна” гэж ноён Л.Пүрэвдорж хэлжээ.

Монголбанкныхны айгаад бай­­гаа бас нэг гол асуудал нь Олон улсын валютын сангаас орж ирэх ёстой санхүүжилт зогсох вий гэдэг болгоомжлол. Хям­ралын үед авч чадсан бас нэг гол арга хэмжээ гэж гүйцэтгэх засаглалынхны тайлбарладаг Стэнд бай хөтөлбөрийг улирал бүр дүгнэх ёстой.

Гэтэл бас тав дахь улирлын дүгнэлтийг гаргахад гацаа үүсээд байгаа аж. Донор орнууд Олон улсын валютын сангийнхан төсөв хэт үрэлгэн байхад дахиад төсвийн тодотголоороо асар их зарлага гаргах гээд байгаа,  2010, 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлээр  дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 50 хувийг бэлнээр тараах гэж байна.  Хэрвээ тараавал эдийн за­саг тогтворгүй байдалд ор­но гэж дүгнэлтийг харзнаж бай­гаа аж. Ийн дүгнэлтээ батал­гаажуулахгүй байсаар эсвэл донорууд сөрөг дүгнэлт гар­гах юм бол дараагийн шат­ны 70 сая ам.долларын санхүү­жилтийг Засгийн газар авч чадах­гүйд хүрнэ.  Чингэвэл Монголбанкинд ОУВС-гаас орж ирэх ёстой 40-өөд сая доллар мөн л гацна. Үүнийг сөргүүлж үрэлгэн төс­вөө цэгцлэхийг хам­гийн тү­рүүнд шаардаж бай­гаагийн зэ­рэг­цээ банкны салбарын бүт­цээ сайжруул гэсэн зөвлөгөөг до­норууд өгч байгаа бололтой юм.

Ийнхүү банкны салбарын бүтцийн өөрчлөлт гэдэг нэрээр л хонх уяж байгаа дуулиант асуудлуудын гогцоо эцэстээ үрэлгэн төсвийн эзэдтэй л холбоотой болж таарч байна. Мунхагийн санаа уужимхан гэгчээр асуудал аль аль талдаа эерэгээр шийдэгдээсэй л гэж найдах үлдэх шив дээ.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж