Энэ долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч шалтаг тоочицгоосоор буцаалаа. Хамгийн гол нь, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж чадахгүйд хүргэсэн гацаа нь тогтолцоогоо шийдэж чадаагүйд байгааг хүлээцгээв.
УИХ-аас томилж УИХ дахь МАХН, Ардчилсан намын бүлгүүдийн ахлагч нарыг бүрэлдэхүүнд нь зориуд оруулсан ажлын хэсгээс боловсруулсан төсөлд ч, УИХ-ын гишүүн Л.Болд нарын гишүүдийн өргөн барьсан төсөлд ч пропорциональ тогтолцоог ирэх сонгуульд хэрэглэхээр оруулж ирсэн юм. Зарчмын зарим өөрчлөлт оруулах нь мэдээж ч монголчууд 1990 онд пропорционалиар сонгууль хийж анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулсан туршлагатай. Тухайн үеийн намуудын төлөөллийг боломжийн хамруулсан, одоог бодвол шударга парламент тэр үед бүрдсэн юм. Ядахдаа л тэр цагийн ховор бараа болох барааны саванг сонгогчдодоо бэлэг болгосон эрхэм гишүүнийг огцруулж чадаж байсан гайгүй парламент.
Гэтэл гишүүд пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулж намынхаа чансааг ч, өөрсдийнхөө нэр хүндийг ч сонгогчдын жингийн туухай дээр тавихаас хойргошиж нөгөө муулаад байсан мажоритар тогтолцоо руугаа ухрахаар сэм ярилцдаг болжээ. Ухрах ухрахдаа хамгийн их амлалт, хамгийн их хахууль шаарддаг, улсын нэгдсэн төсвийн хөрөнгийг хэдхэн хүнтэй баг руу зам тавих, бүр өндөр хүчдэлийн шугам татахад үр дүнгүй юүлдэг, за тэгээд тухайн нутаг усандаа ах дүүс олонтой нөхдийн хамгийн их популист юм ярьж байж гарч ирдэг жижиг 76 тойрогтой тэр тогтолцоо руу шүү. Үүний түрүүчийн УИХ-ын гишүүд жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоо манай улс төрийг баллаж байна, авлига хээл хахуулийг хөөрөгдөж байна гэсээр томсгосон 56 тойрогтой том мажоритар тогтолцоог сонгосон. Гэхдээ далан долоон цоорхойтой хууль хийснээ УИХ-ын 2008 оны сонгууль болохоос өмнө мэдэж засах гэсэн ч дараагийн сонгуулийг товлоход зургаан сар үлдсэн үед гар хүрч болдоггүй журамтай тул яаж ч чадалгүй үлдээсэн. Ингээд ухсан нүхэндээ өөрсдөө халтирцгааж 2008 оны сонгуулийг утга замбараа муутай явуулсны балгийг долдугаар сарын 1-нд амссан.
Иргэдийнхээ амь нас, эрх чөлөөгөөр дэнслэн байж Сонгуулийн хуулийг маш чамбай гаргах ёстойг ухаарсан эрхмүүд маань тэгэхэд сүрхий сургамж авснаа хэлцгээж 2012 оны сонгуулийг өөр тогтолцоогоор явуулахаа амлаад байснаа өнөөдөр мартсан бололтой. Үүр муутай ууль шувуу даарч зутрахаараа “Ирэх жил яг хийсэн ясан гэр нэгийг барьж авна даа” гэж андгайлдаг ч тэр үгэндээ хүрдэггүй юм гэнэ лээ. Хуучны үлгэр л дээ. Харин манай эрхэм гишүүд “Дараагийн сонгуулиар яг хийсэн “ясан” хууль гаргаад шударга сайхан сонгуульдана” гэдэг ч цагаа тулахаар ууль шувууны үлгэр болоод л хоцрох юм даа.
Пропорционалиар үзэлцье гэвч өөрсдөө дахин гарч ирж чадахгүй шинжтэй санагдахаараа эрхэм гишүүдийн зориг мохож, яаж ийгээд суудалдаа эргээд ирдгээр нь жижиг мажоритараараа үзье гэж шийдэж байгаа бололтой. Ялангуяа МАХН-ын бүлгийн гишүүд ерөнхийдөө тэр тал дээр санал нийлж байгаа юм гэсэн.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай уялдуулаад УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байсан ч мөн л буцаав. Гол нь жолоо цулбуургүй амладаг амлалтад нь хуулиар хязгаар тавьж өгөх зорилгоор нэмэлт оруулах тухай төсөл байсан юм.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Засгийн газрын амлалтаас илүү хальж амлаж болохгүй. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид ч улсын нэгдсэн төсөвт тусгаагүй, төсвийн хөрөнгөөс хальсан амлалтыг амныхаа зоргоор, сэтгэлийнхээ хөөрлөөр өгч болохгүй гэсэн заалт оруулах байсан ч бас л гацаанд ороод байна. Өмнөх сонгуулиар дааж давшгүй мөнгө амлачихаад өнөөдөр хүүхдийн мөнгөө хасч, урд хормойгоо хойтохоороо нөхөхдөө тулаад сандарч суугаагаасаа сэхээ авч хамаагүй амлалт өгөхийг хуулиар хямгадах гэсэн хэрэг л дээ.
Гэхдээ одоохондоо эрхэм гишүүд амлалт хязгаарлах бүү хэл, сонгуулийн тогтолцоогоо шинэчлэхээ ч шийдэж чадахгүй сууцгааж байна. Наадмын өмнө чуулганаа завсарлуулж уях морьд, зодоглуулах бөхчүүдээ эргэхээр гишүүдийн сэтгэл дэнслээд танхимдаа тогтохоо больжээ. Уяачдын түрүүч Хүй долоон худаг руу дөхөж эрхэм түшээдийн санаа сэнсрээд ирлээ. Төмөр замын бодлогоо гараас гаргачихлаа. Тавантолгойн ногоон гэрэл аль хэдийнэ асчихаж. Сонгуулийн хуулиа шууруулах уу, намрын чуулган руу ухраах уу гэдгийн аль нэгийг шийдээд л эрхэм гишүүд зодгоо баадагнаж, хусуураа бүсэндээ хавчуулан гарч өгөхөд бэлэн болжээ. Яг хийсэн сайхан Сонгуулийн хууль наадмын хурдан хөлгүүдийн тоосонд дарагдаад замхрах вий дээ.