Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Баяртай, Итали

Италийн шигшээ баг Йоханнесбург хотын Эллис парк цэнгэлдэхэд Европын хөлбөмбөгийн ертөнцийн сулхан багуудын нэг болох Словакийн шигшээд 3:2 харьцаатай хожигдсоноор аваргын алтан цомоо хамгаалах боломжоо алдлаа. Ийнхүү дэлхийн дөрвөн удаа аварга “Скуадра Аззура” 2006 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Францын шигшээ багийн хамтаар эхний шатнаас нутаг буцах ээлжит шилдгүүдээр тодорсон юм.

Хар тивийн ногоон зүлэг дэлхийн шилдэг, топ зэрэглэлийн багуудад тун ч ээлгүй байгаа, тэр тусмаа Буурал тивийн арвин түүхтэй багуудад. Өмнөх дэлхийн аваргад үзүүр, түрүү булаалдан финалдаж байсан багууд хоёул хэсгийн тоглолтоос хасагдаж буй анхны тохиолдол нь энэ бөгөөд аваргаа хамгаалан өрсөлдөх учиртай баг эхний шатнаас шалгарч чадаагүй дөрөв дэх хар цуврал нь энэ боллоо.

Дэлхийн аварга Италийн багтай ширүүн тулалдаж, ялалт байгуулсан Словак Парагвайн хамт “F” хэсгээс дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болж байна. Өмнөд Америкчуудын хувьд энэ жилийн дэлхийн аваргад оролцож буй туршлагатай багатай багуудын нэг болох Шинэ Зеландын багтай тэнцсэнээр таван оноотой болж, хэсгээ манлайлсан бол тэднийг дагаж, Словакийн шигшээ дөрвөн оноогоор хоёроор шалгарч байгаа юм.

Гэхдээ “Кивичүүд” дэлхийн аваргыг эхний шатнаас орхисон ч хэсгийн гурван тоглолтдоо ганц ч ялагдал хүлээгээгүй нь бахархууштай. Өмнө нь ердөө ганц удаа 1982 оны дэлхийн аваргад оролцохдоо гурван ялагдалтай нутаг буцаж байсан Шинэ Зеландын багийн амжилт огцом ахиж, тэр тусмаа дэлхийн аварга Италийн багтай тэнцсэн нь FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээний шилдэг тоглолтуудын тоонд зүй ёсоор багтаж байна.

Словак 3:2 Итали

Йоханнесбург хотноо өрнөсөн тоглолтод довтлогч Роберт Виттек Италийн хаалганд хоёр гоол оруулж, улмаар анх удаагаа дэлхийн аваргын дэвжээнд хөл тавьсан словакчууд түүхэн ялалт байгуулсан. Виттек 25 дахь минутад Марек Хамсикийн тусламжтайгаар тооны харьцааг нээсэн бөгөөд тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс 17 минутын өмнө дахин Хамсикийн дамжуулалтаар Виттек Италийн шигшээгийн хоёрдугаар хаалгач Федерико Маркеттигийн хаалгыг мялаасан юм. Гэхдээ италичууд хэдхэн минутын дараа буюу тоглолтын 81 дэх минутад тооны харьцааг ойртуулсан. Фабио Квальяреллагийн цохисон бөмбөгийг хаалгач амжилттай хаасан боловч ойсон бөмбөгийг Ди Натале хаалганд оруулж чаджээ. Улмаар 85 дахь минутад Квальярелла тэнцээний бөмбөгийг Словакийн хаалганд оруулсан боловч шүүгч отон тоглолтод орсон хэмээн үзэж, гоолыг хүчингүйд тооцсон юм.

Ерөнхийдөө тоглолтын сүүлийн хэдэн минутад тоглолт үнэхээр ширүүссэн. Гоол ч ар араасаа цувран орж, 87 дахь минутад сэлгээгээр талбайд гарч ирсэн аз нь шовойсон Камиль Копунек талбайд гарч ирээд ердөө хоёрхон минутын дотор багтаа ялалтын гоол авчирчээ. Тоглолтын үндсэн цаг өндөрлөж, шүүгч нэмэлт дөрвөн минут сунгасан бөгөөд гоолын дамжуулалт өгч, “хүчингүй” гоол оруулсан Квальярелла нэмэлт цагийн эхний минутад гоолдсон юм. Гэхдээ энэ үед тоглолтын хувь заяа хэдийнэ шийдэгдэж, 2006 онд “Скуадра Аззура”-г дэлхийн аваргын тавцанд гаргаж байсан Марчелло Липпи гутамшигтайгаар дэлхийн аваргыг орхих нь тодорхой болсон байлаа.

Парагвай 0:0 Шинэ Зеланд

Өмнөд Америкийн төлөөлөл болсон Парагвай Полокване хотноо Шинэ Зеландын багтай гоолгүй тэнцэж, оноо хувааснаар шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болсон. Дөрвөн жилийн өмнө хэсгээсээ шалгарч чадаагүй тэд энэ удаад Италитай 1:1-ээр тэнцэж, Словакийг 2:0 харьцаатай хожоод байсан юм. Тиймээс тэд хэсгийн сүүлийн тоглолтдоо тэнцэхэд л хангалттай байв.

Харин Шинэ Зеландын шигшээ багийн хувьд дэлхийн аваргын зүлгэн дээрх анхны ялалтынхаа төлөө тэмцсэн юм. Харамсалтай нь тоглолт тэнцээгээр өндөрлөх тавилантай байв.

“F” хэсгийг манлайлсан Парагвайчууд ирэх мягмар гаригт шөвгийн 16-д “Е” хэсгийн хоёроор гарсан багтай тоглох бол Словак даваа гаригт “E” хэсгийн ялагчтай шөвгийн наймын эрхийн төлөө өрсөлдөх юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж