Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр “Глоб интернэйшнл” ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгууллаа. Дугуй ширээний ярилцлагын эхэнд ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн илгээлтийг сонсгосон юм. Хатагтай Ирина Бокова илгээлтдээ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол цахим болон цахим бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө тугаа өргөдөг өдөр билээ. Энэ өдөр бид дэлхий даяар сэтгүүлчдийн аюулгүй байдлын төлөө нэгдэн зогсож, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх өдөр билээ” хэмээн тодотгосон юм. Энэ жилийн хувьд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий даяар “Илүү сайхан ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө: 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрийг бэхжүүлэх нь” уриан дор тэмдэглэж буй ажээ.
Дугуй ширээний ярилцлагад ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэдээлэл харилцааны зөвлөх Андреа Кайрола нар уригдаж оролцсон юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий даяар тэмдэглэхээр тунхагласан нь 1993 он юм. Дэлхийн олон улс оронд сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгих, үйл ажиллагааг нь таслан когсоох, сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийг айлган дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, цагдах хорих, амь насыг нь бүрэлгэх зэрэг гэмт хэрэг гарсаар байгаа юм. Тийм учраас хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстойг улс орны Засгийн газруудад сануулах, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь мөн чанарыг ойлгуулах үүднээс энэ өдрийг тэмдэглэх болсон юм.
Сүүлийн 20 жилд дэлхий нийтэд 670 гаруй сэтгүүлч амь насаа алджээ. Тэдгээрийн 10 хэрэг тутмын ес нь мөрдөгдөж, шалгагдахгүй үлддэг байна. Зөвхөн 2012 онд л гэхэд 121 сэтгүүлч халдлагын улмаас амь насаа алдсан юм. ОХУ-д 2000 оноос хойш 54 сэтгүүлч амь насаа алдсанаас ганцхан хэргийн эзэн холбогдогч шүүхээс ял сонсчээ. Мексикт ч мөн 143 тохиолдлоос зөвхөн ганцад нь хариуцлага хүлээлгэсэн гэхчилэн хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд ял зэмгүй үлдсээр байгаа юм.
Манай улсын хувьд хагас хэвлэлийн эрх чөлөөтэй улс орон гэсэн тодотголтой олон он жилүүдийг үдэж байгаа “Ил тод байдал сан” ТББ-ын гйүцэтгэх захирал Д.Цэрэнжав онцолж байлаа. ЮНЕСКО болоод АНУ-ын “Фрийдомхаус” байгууллага, Хил хязгааргүй сурвалжлагч нар нийгэмлэгээс ийн дүгнэсээр байгаа ажээ.
Өнөөдрийн дугуй ширээний ярилцлагын үеэр “Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны зөвлөмжийг танилцууллаа. Энэхүү хөгжлийн үнэлгээ, зөвлөмжийг өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцогчидтой зөвлөлдөж байж гаргасан гэдгийг Глоб интернэйшнл ТББ-ынхан онцолж байлаа. ЮНЕСКО-гийн мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилан гаргасан үнэлгээ зөвлөмжийг бүрэн эхээр нь тун удахгүй танилцуулах юм байна.
Д.ЦЭЭНЭ