Дэд сайд Д.Ганхуяг Вьетнамд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Дэд сайд Д.Ганхуяг Вьетнамд ажиллаж байна

БНСВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийг Вьетнамын Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн, Засгийн газрын Шадар сайд Нгүен Суан Фүк хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Д.Ганхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд Вьетнам Улсад хийсэн айлчлал болон Монгол, Вьетнамын ЗГХК-ын 15 дугаар хуралдааны үеэр тохиролцсон асуудлууд амжилттай хэрэгжиж эхэлсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монголын “МИАТ” компани Улаанбаатар-Ханой хотын чиглэлд тусгай үүргийн шууд нислэг хийж, монголын бизнес эрхлэгчид “Вьетнам Экспо-2014” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцсон нь хоёр талын хувийн хэвшил бие биеэ харилцан сонирхох хандлага бий болж, хамтын ажиллагаа сэргэн идэвхжиж байгааг онцлон тэмдэглэв.

Шадар сайд Нгүеэн Суан Фүк хэлэхдээ, хоёр орны хооронд томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, бизнесийн салбарын хооронд илүү нягт харилцаа холбоо тогтоох үлэмж нөөц бололцоо байгааг дурьдаад, АПЕК гишүүнчлэлээ өртгөтгөх шийдвэр гаргамагц Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг дэмжихээ нотолж, Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа АСЕАН-ны том зах зээлд гарахад туслалцаа үзүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж