УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааныг нийгэм даяараа анхааран харсан гэхэд болно. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу “давхар дээл” тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Анх 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласнаас хойш танхим дүүргэж үзээгүй эрхэм түшээд энэ удаа суудлаа бүрэн эзлэв. Байнга шахуу ирц бүрдээгүйн улмаас байнгын хороодын хуралдаанаа хойшлуулж, нэгдсэн хуралдаан дээр санал хураахдаа ч нэхэл дагал болон байж ажилдаа морилдог гишүүд бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад ийнхүү хоёр дахь удаагаа “элэг бүтэн” цугларав.
Харамсалтай нь, тэд Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн дуу нэгтгэж, төслийг санаачилсан субъект нь болох Монгол Улсын Ерөнхийлөгчид буцаахаар боллоо. Ингэснээр намрын чуулганы төгсгөлийг гацааж, хаврын чуулганы эхний бүтэн сарын турш маргаж мэтгэлцэн хэлэлцсэн ажлаа огт үр дүнгүй болгож орхив. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг санааачлахдаа үйлчилж эхлэх хугацааг нь 2016 оны долдугаар сарын 1 байхаар тусгаад байсан юм. Засгийн газрыг огцруулах талаар хуулийн төсөлд байгаагүй. Засгийн газарт өөрчлөлт орууллаа гэхэд Ерөнхий сайд болон Гадаад харилцаа, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, Хууль зүй зэрэг үндсэн чиг үүргийн яамдаа хадгалан үлдэж, эхлээд хоёр, дараа нь гурван сайдаа өөрчилж болох зарчмаар, танхимын 50 хувьд хүргэлгүй сэлгээ хийх боломж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар UBS телевизэд өгсөн ярилцлагадаа “Засгаа огцруулна гэдэг бол бүр шал ондоо асуудал. 2016 оны долдугаар сарын 1-ээс гээд би бүр хугацаа тавьж өгсөн. Яг хугацаа тулгаад тавихаар хуулиа баталдаггүй, бэлтгэл байдаггүй, түүнээсээ болоод улс төрийн тогтолцоо нь нийцэж чаддаггүй, тэгээд маргааш нөгөөдөр нь огцордог, улс төрийн тогтворгүй байдал, янз бүрийн юм үүсдэг шүү дээ. Ингээд 2016 оны долдугаар сарын 1-ээс мөрдье” хэмээн мэдэгдсэн. Гэвч “айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналаас эмээж, “давхар дээл” тайлах асуудлыг тэр чигээр нь хэрэгсэхгүй болгон дампууруулж орхилоо.
Дараагийн хэлэлцэх асуудал нь утаатай тэмцэх тухай байсан ч мөнөөх бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан гишүүдийн дийлэнх нь тарж явсан юм. Сайд нараас танхимд Л.Гантөмөр нарын хоёрхон сайд хоцров. Үүнийг хараад эрхэм гишүүн Д.Лүндээжанцан “С.Баярцогт өвөл Монголд байх биш. Утааг яаж мэдэх вэ. Монголдоо үлддэг хүмүүс л хохирогч болох юм даа” гэж байлаа.
Ерөнхийлөгч энэ тухай ярилцлагадаа мөн л хэлж байсан юм. Тэрээр “Ер нь бол дургүй байгаагаа маш их илэрхийлж байна. Үүгээр дамжуулаад улс орны өмнө тулгамдаж байгаа, хамгийн яаралтай шийдэх шаардлагатай асуудлаа шийдэхгүй. “Улс орны өмнө тулгамдсан асуудалд анхаарах гэтэл нэг ийм хууль ороод ирлээ гээд л”. Хэрэв хүсэх юм бол долоо хоногийн дотор ярьж хэлэлцээд л дор нь батлаад цаашаа явуулдаг шүү дээ” хэмээж байсан нь өнөөдрийн хуралдаанаар ийнхүү харагдлаа. Нийтийн эрх ашигт хамаатай асуудлыг хэлэлцэх болохоор хойш сууж, өөрийн эрх ашигт хамаатай, халаа сэлгээний асуудал дээр бүгдээрээ цуглардаг араншингаа эрхэм гишүүд энэ удаа дахин харууллаа.
Д.АМГАЛАН