Анхаарал татсан чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Анхаарал татсан чуулган өндөрлөлөө

УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Хэлэлцэх асуудлууд дунд олны анхаарал татаж буй халуун сэдвүүд байсан нь Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төсөл зэрэг асуудал багтсан юм. Чуулганы хуралдаан 09.30 цагт эхлэв.

Хэлэлцэх асуудлын дараалал ийм байв:

  • 1. “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
  • 2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
     
  • 3. “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
  • 4. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/:
  • 5. “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
  • 6. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, анхны хэлэлцүүлэг/:

09.30 ЦАГ: ЭХНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд ашигт малтмалын хайгуулыг сэргээх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуулийг батлах, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг эрчимжүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах зэрэг санал гаргаж олонхийн дэмжлэг хүлээсэн байна. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар "Бага, дунд орлоготой иргэдийн Хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-ыг хөнгөлөх”, "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх", УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар "Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулъя", "Төрийн байгууллагын албан тушаалтан баяр ёслол, ойн арга хэмжээний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргахыг хориглоё", "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоё" гэсэн горимын санал гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Зоригт тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх үеэрээ онцоллоо. Ингээд УИХ-ын гишүүд дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор сонирхсон асуултдаа хариулт авав.

10.40 ЦАГ: АСУУЛТ, ХАРИУЛТ ҮРГЭЛЖЛЭВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлэв

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд банкны зээлийн хүү өндөр байгаад шүүмжлэлтэй хандаж, банкны салбарыг либеральчлах талд шийдвэртэй алхам хийх цаг болсныг сануулж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Гэр бүлийн хэдэн банк инкубаторын орчинд 20 шахам жил явлаа. Маш өндөр хүү тавьдаг иргэд, аж ахуйн нэгжүүд бизнес хийе гэхэд хамгийн бага хүү жилийнх нь 18 хувь. Дээр нь валютын ханш өссөөр 1802 төгрөгтэй тэнцлээ. Удахгүй ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэхийг үгүйсгэх аргагүй. Хариуцлагыг нь хүлээхгүй юм уу, энэ асуудлыг төв банк, Ерөнхий сайд нартай ярих л ёстой. Хэдий болтол банк санхүүгийн хатуу орчныг УИХ нь дэмжсээр байх вэ” гэлээ. Мөн үүнтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат санал нэг байгаагаа илэрхийлж “Банкны өндөр хүүнээс болж манай сонгогчид, малчид өр зээлэнд баригдаж дууслаа. Хэдий болтол ийм өндөр хүүтэй зээлээр бизнесийн орчинг гоё болгоно гэж ярих юм бэ” хэмээв. 

Түүнчлэн эдийн засаг хямралтай байгаа үеийг ашиглаж Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хумих, өөрчлөхийг зорьж байгаа нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд асуудлыг нухацтай нягтлах, тэр бүү хэл Засгийн газарт хамтарч байгаа асуудлаа эргэж харах гээд нэлээд зүйл үүсч буйг УИХ-ын гишүүн Г.Уянга хэллээ. Тэрээр мөн баялаг бүтээгч гэж уул уурхайн салбарынхан тэр дундаа ашигт малтмал олборлогчдыг хэлэхгүй. Харин шаахай үйлдвэрлэж байгаа иргэнийг баялаг бүтээгч хэмээн нэрлэнэ гэж тодотголоо.

 12:30 ЦАГ: "ШУДАРГА ЁС" ЭВСЭЛ ЗАВСАРЛАГА АВЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдэв. Завсарлага авах болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүссэнтэй холбоотой хэмээн "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон юм. Тиймээс УИХ энэ асуудлыг хэлэлцэхийг түр азналаа, мөн цайны цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

 14:30 ЦАГ: "ДАВХАР ДЭЭЛ"-ИЙН ТӨСЛИЙГ БУЦААЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураахад нийт 74 гишүүнээс 39 нь татгалзсанаар "Хуулийн төслийг батлах шаардлагагүй" гэж үзлээ. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 39 хувь нь батлах шаардлагагүй хэмээн үзсэнээр мөн хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа.

14:45 ЦАГ: АН ЗАВСАРЛАГА АВАВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр болсон ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлаг авч байгаагаа мэдэгдсэнээр УИХ дараагийн асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэв.

14:10 ЦАГ: САЙДУУД ХУРАЛД ДУУДАГДАВ

Хэдхэн минутын өмнө УИХ-аар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслөөр санал хураахад Засгийн газрын танхимын гишүүдээс 17 нь чуулганы хуралдаанд оролцож байсан бол удалгүй хоёрхон сайд танхимд үлдэв. Тодруулбал, УИХ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нараас бусад нь хуралдаанаас гарсан байлаа. Энэ үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслөөр гишүүдээс санал хураах гэсэн боловч олонхи нь танхимаас гарч явсан байсан тул УИХ-ын дарга ирц бүрдүүлэхийг шаардаж,  сайд нарыг орж ирэхийг үүрэгдсэнээр таван сайд нэмэгдэн орж ирсэн юм. Үүний дараагаар санал хураалт явуулахад дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 65,2 хувь нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал өглөө.

17:10 ЦАГ: ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны төгсөлд Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүлээд байна.

Эмийн худалдаатай холбоотой зарим асуудлыг тодруулахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх зөвшөөрөл авсан 127 компани байдаг аж. Зах зээлд бүртгэлд хамрагдсан эмийг худалдаалж борлуулах үүргийг эм ханган нийлүүлэх компаниуд хүлээдэг. Бүртгэлгүй эмийг худалдвал хариуцлага хүлээнэ. Мөн хууль бус эмийн худалдаанд Мэргэжлийн хяналт хяналт тавьж ажилладаг байна.

Гэвч хуурамч эмийн худалдаа Наран туул зэрэг худалдааны төвд хийгдсэн байдаг. Ганц жишээ татахад таван эмэгтэй үр зулбуулах эмийг тус худалдааны төвөөс авч хэрэглэн, хүндрэл гарахад нь эмнэлэгт хандалгүй явсаар амиа алдсан харамсалтай хэрэг болсон тухай Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Энэ хэрэг дээр Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж