Зүүн хойд Азийнхан эрчим хүчний салбарт нэгдэхийг чармайна
Эрчим хүчний хэрэгцээ шаардлагаа эхний ээлжинд бүс нутгийн хэмжээнд аминчхан ярьж, зохицуулах цаг ирснийг онцолсон хурал өнөөдөр болж байна. Эрчим хүчний салбарт дэлхийн улс орнуудтай өрсөлдөх гэж асар том зах зээл дунд төөрч явснаас хэрэгцээ шаардлагаа хажуугийн улсаас шийдэж, илүү гарсан эрчим хүчээ нөгөө улсдаа нийлүүлж ашиг олох нь өнөөгийн эдийн засгийн хямралд тэсч үлдэх арга болсон гэдгийг хуралд оролцогчид онцолж байв. Энэ асуудлаар өнөөдөр Гадаад харилцааны яаманд гадаад, дотоодын 100 орчим төлөөлөгчид цуглан ярилцаж байгаа бөгөөд “Зүүн хойд азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдэвт хурлыг Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулсан юм. Хурлын үеэр дэлхийн эдийн засгийн цөм нь Зүүн хойд Ази руу шилжиж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг аюулгүй байдалтай нь холбох болсныг төлөөлөгчид онцолж байлаа.
Эрчим хүчний аюулгүй байдал гэж юу вэ?
Энэ нь эрчим хүчний хэрэглээ болон эх үүсвэрийн балансийг экологийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлт, амьдралын чанарыг дээшлүүлэхтэй уялдуулан шийдвэрлэх цогц асуудал гэдэгт хурлын төлөөлөгчид санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүч гарган авч, улсынхаа хэрэгцээг хангахаас гадна гадагш экспортлоход байгаль, экологид халтай үйлдвэрлэл явуулахаас илүү гадаад харилцаагаа сайжруулж, хамтаараа шийдэх хэрэгтэй ажээ.
Эрчим хүчний хамгийн их хэрэглээтэй улсуудын эхний наймд манай ойрын хөршүүд БНХАУ, ОХУ болон БНСУ багтдаг байна. Өөр нэг анхаарал татаж байгаа асуудал бол экологид хамгийн их бохирдол учруулдаг газрын тосны хэрэглээгээр дэлхийн эхний зургаад (Хятад хоёрт), нүүрсний хэрэглээгээр эхний 7 (Хятад нэгд) орны тоонд багтдаг ажээ. Гэтэл Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг сонирхох болсон. БНСУ мөн эрчим хүч гарган авах түүхий эдийн нөөц бололцоогүй тул гаднаас импортоор эрчим хүчний хэрэгцээгээ шийдэж байна гэдэг. ОХУ эрчим хүч үйлдвэрлэлтээр “толгой цохидог” учраас Япон эрчим хүчний хэрэгцээгээ хангах сонирхолтой болсон гэх зэрэг тал бүрийн ашиг сонирхол, бэрхшээл Зүүн хойд Азийн бүс нутагт байна. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн Монгол, Япон, хоёр Солонгос, ОХУ бол эрчим хүчний нөөц, хэрэглээгээрээ харилцан адилгүй, нэг нэгнийхээ “шархыг нөхөх” боломжтой ажээ. Тиймээс байгаль орчинд хор нөлөөтэй үйлдвэрлэлээс татгалзаж, эрчим хүчний хэрэглээг улс орнууд гадаад харилцаагаа сайжруулж, шийдэх хэрэгтэй гэж ярих боллоо.
Эрчим хүчний корпорацийн захирал Н.Амарсанаа:
-Монгол Улсын нийт суурилагдсан эрчим хүчнийэх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 870 гаруй МВт байсан. Үүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж, өвлийн ид ачааллын үед ОХУ-аас эрчим хүч нэмж авдаг. Цаашдаа эрчим хүчний нөөцийг бий болгох тал дээр анхаарна. Нөөц нь улсын хэмжээнд суурилагдсан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлын 17 хувиас буурахгүй байх ёстой гэсэн үзэл баримтлалыг мөрдөхөд анхаарна. Бид энэхүү хурлаар бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтарч ажиллах боломжтой гэдгээ ярилцаж байна. Монголын хувьд цаашдаа эх үүсвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортлох бодлого баримтална.
ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
(Бүс нутгуудын хувьд 2012 оны төгсгөлийн байдлаар)
Нэг бүс нутгийнхан цаашдаа яах вэ?
Хурлын зохион байгуулагч Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, хошууч генерал О.Үржин:
-Эрчим хүчний аюулгүй байдалд гадаад харилцаа чухал юм. Жишээ нь, Европын холбоо гэхэд нэгдсэн бодлого гаргаад, түүнийгээ хэрэгжүүлж, хөгжиж байна. Холбооны улсуудаас эрчим хүчний аюулгүй байдал алдагдлаа гэж үзэхэд тухайн улсын холбогдох компани арга хэмжээ авна, цаашлаад улс анхаарна. Улс нь хүч хүрэхгүй бол бүс нутгийн улс орнууд хамтран шийдэх зэргээр холбоо ажилладаг. Ийм туршлагыг бид нэвтрүүлэх хэрэгтэй. Цаашдаа экологийн бохирдуулдаг нөөц ашиглалтыг орлуулах, багасгах асуудлыг ярьж байна. Энэ нь 2020 оноос экологийн татвар авдаг болох асуудал юм. Энэ дагуу нэг тонн нүүрстөрөгч ялгаруулж байгаа бол 200 ам.долларын татвар авна гэх мэдээлэл дуулдсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг ихээр бохирдуулж байгаа орноос татвар авна гэсэн үг.
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭТИЙН ТӨЛӨВ
(2020 хүртлэх төлөв байдлаар)
| Харьцуулсан онууд | Жилийн дундаж өсөлт | ||||
2004 | 2010 | 2015 | 2020 | 2004-2010 | 2010-2020 | |
Нүүрс | 1 274 | 1 499 | 1 803 | 2 172 | 3,6% | 3,8% |
Газрын тос | 868 | 970 | 1 094 | 1 218 | 1,9% | 2,3% |
Байгалийн хий | 465 | 539 | 629 | 750 | 2,5% | 3,4% |
Цөмийн эрчим хүч | 132 | 164 | 200 | 240 | 3,7% | 3,9% |
Усны эрчим хүч | 114 | 149 | 188 | 238 | 4,6% | 4,8% |
Сэргээгдэх эрчим хүч | 21 | 30 | 40 | 54 | 6,1% | 6,1% |
Нийт | 2 814 | 3 352 | 3 954 | 4 673 | 3,0% | 3,4% |
Дэлхийн хүн ам 2030 онд 9,1 тэрбумд хүрэх ба энэхүү өсөлт нь эрчим хүчний хэрэгцээний огцом өсөлтийн болон цаашид улам бүр ховордож буй нөөцийн төлөөх өрсөлдөөн хурцдах шалтгаан болно гэх юм. Эрдэмтдийн 1990 онтой харьцуулан тооцоолсноор дэлхийн хүн ам 2020 онд 8,1 тэрбумд хүрэх ба нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 2,8 дахин өсөх төлөвтэйг салбарынхан дуулгалаа.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх нь эрчим хүчний аюулгүй байдлын эхний тулгамдсан асуудал аж. Экологийн асуудлын хувьд өнөөдөр хялбар шийдэл хараахан гараагүй гэдэг учраас газрын тосны хэрэглээгээ багасгах, шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг өсгөх, хэмнэлттэй эрчим хүчний шинэ технологи хэрэглэх, нанотехнологи, устөрөгчийн эх үүсвэрт үндэслэсэн автомашин, мотор бүтээх нь одоогоор оновчтой арга гэгдэх боллоо. Харин эрчим хүчний салбар дахь экспорт, импортын хэрэгцээ, шаардлагаа дээрх боломжийг ашиглан эхний ээлжинд бүс нутгаараа шийдээд авахад анхаарах хэрэгтэй ажээ.
У.БОЛОР