УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүлээд байна.
Эмийн худалдаатай холбоотой зарим асуудлыг тодруулахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх зөвшөөрөл авсан 127 компани байдаг аж. Зах зээлд бүртгэлд хамрагдсан эмийг худалдаалж борлуулах үүргийг эм ханган нийлүүлэх компаниуд хүлээдэг. Бүртгэлгүй эмийг худалдвал хариуцлага хүлээнэ. Мөн хууль бус эмийн худалдаанд Мэргэжлийн хяналт хяналт тавьж ажилладаг байна.
Гэвч хуурамч эмийн худалдаа Наран туул зэрэг худалдааны төвд хийгдсэн байдаг. Ганц жишээ татахад таван эмэгтэй үр зулбуулах эмийг тус худалдааны төвөөс авч хэрэглэн, хүндрэл гарахад нь эмнэлэгт хандалгүй явсаар амиа алдсан харамсалтай хэрэг болсон тухай Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Энэ хэрэг дээр Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм байна.
Г.ДАРЬ