Чингисийн талбайд болсон Хөдөлмөрчдийн эв санааны өдрийн цугларалтын үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт бичиг гардууллаа. Түүнд хэд, хэдэн чухал асуудал хөндсөний дотор энэ хаврын бүтээн байгуулалтын ажлын эрчийг сулруулахгүй байхад Засгийн газрын оролцоог хангах, эдийн засаг хүнд үед ажлын байрыг хадгалж үлдэх зэрэг асуудлыг багтаажээ.
Жил бүрийн тавдугаар сарын 1-нд Хөдөлмөрчдийн эв санааны өдөр тохиож, дэлхийн 100 гаруй орон тэмдэглэсээр ирсэн байна. Тодруулбал, 1886 онд АНУ-ын Чикаго хотод хөдөлмөрчин ангийнхан ажлын 8 цагийн горимд шилжих шаардлага тавьж тайван жагсаал хийснээр Хөдөлмөрчдийн эв санааны өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Чингисийн талбайд болсон өнөөдрийн цугларалт мөн тайван болж, Хөдөлмөр гурван талт хэлэлцээрээс гаргасан Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, Адил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ижил хэмжээний цалин олгох, гадаад дотоод ажилчдын цалингийн зөрүүг арилгах, контракт гэрээгээр ажиллаж буй гадаад дотоод мэргэжилтний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцдог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг УИХ, Засгийн газраас хүсч дээрх арга хэмжээг зохион байгуулав.
Г.ДАРЬ