“Севол” онгоцны даацыг дөрөв дахин хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

“Севол” онгоцны даацыг дөрөв дахин хэтрүүлжээ

Өмнөд Солонгосын прокурор, цагдаагийн хамтарсан мөрдөн шалгах хорооноос “Севол” хөлгийг эзэмшигч “Chonghaejin Marine” компанийн аюулгүй байдлын стандарт хяналт, шалгалтын хоёр ажилтныг багийн даргынх нь хамт баривчилжээ. Тэднийг хөлөг онгоцны аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн болон санамсаргүйгээр бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгаж буй гэнэ.

 

Өмнөд Солонгосын мөрдөн шалгах албаныхны мэдээлснээр “Севол” хөлөг далайд осолдож живэхдээ даацын стандартыг дөрөв дахин хэтрүүлэн ачаа тээвэрлэж явсныг тогтоосон байна. “Севол” хөлгийн тогтвортой байдлаа хадгалах даацын хэмжээ нь 987 тонн атал живж осолдох үед 3600 гаруй тоннын ачаа ачсан байжээ. Даац хэтрүүлсэн хөлөгт 180 авто тээврийн хэрэгсэл ачиж явсан аж. Хөлгийн тэнцвэртэй байдлыг хадгалах зориулалттай балласт усыг хангалттай хэмжээгээр авч явахын оронд их хэмжээний ачаа ачсан байсан нь осолдож живэхэд түлхэц болсон аж. Түүнчлэн “Севол” хөлгийн багийнхнаас ослын өмнөх өдөр /IV.15/ “Chonghaejin Marine” компанийн холбогдох албаныханд хандан даац хэтрүүлэн ачаа ачих нь живэх аюултайг сануулсан боловч хэрэгсээгүй болохыг мэдээлжээ. “Chonghaejin Marine” компани гатлага онгоцоор даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж байсан нь санхүүгийн тайлангаас нь ч тодорхой байгаа аж. Тус компани өнгөсөн 2013 онд 19.5 тэрбум воныг ачаа тээврээс олсон бол 12.5 тэрбум воныг зорчигч тээвэрлэлтээс олсон байна.

 

Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн билээ. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 174-ыг нь эсэн мэнд аварсан юм. Мөн зорчигчдын дунд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 350 гаруй сурагч байснаас ердөө 70 нь амь аврагджээ.

 

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж