“Visa” карт 1988 оны Сөүлийн олимпиос хойш олимпийн наадмын албан ёсны спонсор байсаар ирсэн юм. “Лондон-2012” олимпийн наадмын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Виза карт 2012 оны Лондонгийн олимпийн албан ёсны төлбөрийн хэрэгсэл байх болно. Яг л 2008 онд Бээжингийн олимпийн үеийнх шиг. Виза карт 24 жилийн турш олимпийн наадмын топ түнш байсан. Тэгэхээр энэ бол шинэ зүйл биш” гэжээ. “Visa” карт Их Британийн хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг төлбөрийн карт бөгөөд Их Британийн 53 сая хүн “Visa” хэрэглэдэг бол 17.5 сая хүн “Mastercard” хэрэглэдэг байна. Харин кредит картны ангилалд “Mastercard” 36 сая хэрэглэгчтэй бол “Visa” карт 22 сая хэрэглэгчтэй юм байна.
“Энэ асуудал хэрэглэгчдийг төлбөрийн картаар нь ялгаварласан явдал болж байна. Их Британийн спортын фэнүүдийг ингэж ялгаварлаж болохгүй” гэж хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Викари Смит үзэж байгаа бол “Visa” карт хэрэглэдэггүй хэрэглэгчид олимпийн тоглолтын үеэр урьдчилсан төлбөрт карт хэрэглэж болно гэж “Visa” мэдэгдсэн байна. Ийнхүү тус компани салбартаа онцгой эрх эдэлсний хүчинд олимпийн тоглолтыг амжилттай явуулахад шаардлагатай санхүүжилтыг босгож чадаж байгаа гэж Олон улсын олимпийн хорооныхон сануулсан байна. Их Британийн гадна байгаа хилийн чанадын үзэгчид “Лондон 2012” вэб сайтаар дамжуулалгүйгээр өөрсдийн улсын Олимпын хорооноос тоглолтын билет худалдаж авч байгаа бол өөр карт ашиглаж болох юм байна.
Т.Бадрах