Мазаалайн амьдрах орчинд бороо оржээ

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Мазаалайн амьдрах орчинд бороо оржээ

Мазаалайн амьдрах орчинд бороо зургаан цаг үргэлжлэн оржээ.


Манай орны хаврын улиралд эсрэг циклон задарч агаарын хөдөлгөөн их болдгоос салхины хүч эрс нэмэгдэж агаарын чийгшил бага, хур тунадас ховор, цаг агаарын байдал тогтворгүй, хоногийн доторхи халуун хүйтний хэлбэлзэл их болдог. Үүнээс хамаарч хөрсний чийг алдагдан, хөрс салхинд эвдрэх явц эрчимжиж цөлжих үйл явцыг улам бүр түргэсгэдэг. Тийм ч учраас хаврын улиралд орсон хур тунадасыг  монголчууд шар тос хэмээн билэгшээдэг биз ээ.


Монгол орны хамгийн гандуу нутаг Алтай өвөр говьд нэн ховор Мазаалай баавгай, хавтгай тэмээ, хулан адуу зэрэг ан амьтан нутагшин амьдардаг. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Мазаалай баавгай болон нэн ховор амьтдын амьдрах орчныг тэтгэхэд гадаргын усыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд хур тунадасыг зориудаар нэмэгдүүлэх газрын 3 генератортой болж Алтайн өвөр говьд Говийн их Дархан цаазат газрын “А” хэсэгт өнгөрсөн онд байрлуулсан. Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн байгаль хамгаалагчид Шар хулсны нуруунд газрын генераторыг энэ сарын 15-нд ажиллуулжээ. Газрын генератор ажиллаж эхэлснээс хойш бороо 6 цаг үргэлжилсэн байна.


Мөн энэ сарын 15-нд Атас уул, Баруун тооройн орчимд тус генераторыг 06:25- 07:45 цагт ажиллуулахад 08:15- 15:38 цаг хүртлэх хугацаанд цас оржээ. Атас болон Баруун тооройн орчимд 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Дээрх 2 удаагийн хур тунадас говийн хөрсөнд чийг өгч говь нутагт өвс ногоо ургах сайхан нөхцөл бүрдлээ хэмээн Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж