Сайдууд хуралдаа сууя аа!

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Сайдууд хуралдаа сууя аа!

УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хэлсэн үг үнэн болж таарав. Тэрээр хоёрхон хоногийн өмнө “Сайд огцруулах асуудал ярихаар Засгийн газрын гишүүд хуралд оролцдог, өөр асуудал ярихаар ирдэггүй” гэж хэлснийг өнөөдөр батлах үйл явц болоод байна. Учир нь 20-иодхон минутын өмнө УИХ-аар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслөөр санал хураахад Засгийн газрын танхимын гишүүдээс 17 нь чуулганы хуралдаанд оролцож байсан бол одоо хоёрхон сайд сууж байна. Тодруулбал, УИХ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар яг одоо сайд нараас хоёулхнаа хуралдаанд оролцож үлдэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслөөр гишүүдээс санал хураах гэсэн боловч олонхи нь танхимаас гарч явсан байсан тул УИХ-ын дарга ирц бүрдүүлэхийг шаардаж,  сайд нарыг орж ирэхийг үүрэгдсэнээр таван сайд нэмэгдэн орж ирсэн юм. Үүний дараагаар санал хураалт явуулахад дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 65,2 хувь нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал өглөө.

Сайдууд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцоё оо. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж