УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураахад 74 гишүүнээс 39 нь “Хуулийн төслийг батлах шаардлагагүй” гэсэн кноп дарж, төслийг буцаалаа.
Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар бүтцээрээ үлдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ зөвхөн Ерөнхий сайд УИХ-аас сонгогдохоор, мөн хуулийн үйлчлэлийн хугацааг 2016 оны долдугаар сарын 1 байхаар зааж өгсөн ч хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдсөн юм.
Тодруулбал, УИХ-аар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайдууд парламентаас сонгогдох боломжтой байхаар мөн хуулийн үйлчлэлийн хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болж өөрчлөгдсөн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд энэхүү хуулийн үйлчлэлийг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа үйлчилж байхаар өөрчлөхөөр санал гаргасан ч гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээж чадаагүй тул унаад байсан юм. Харин эцсийн мөчид санал хураалт өөрчлөгдөж, чуулганы хуралдаанд оролцсон 74 гишүүнээс 39 нь “Хуулийг батлах шаардлагагүй” гэж үзсэнээр төсөл төрхөмдөө буцлаа.
Ийм шийдвэр гарахад УИХ дахь бие даагч гишүүдийн төлөөлөл нэлээд үүрэг гүйцэтгэлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар “Засаглалыг сонгодог зарчим руу явуулахад юуны өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж зөрчлөө арилгах ёстой” гэсэн байр суурь баримталж, кноп дарсан нь Засгийн газарт хөдөлгөөн орохгүй байх нөхцлийг бүрдүүлж өглөө.
Мөн энэ өдрийн анхаарлыг татаж байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авлаа. Олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авч буй хугацааг ажлын тав хоног хэмээн тодорхойлсон. Тиймээс эл асуудал ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна.
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлахыг хэн хэн дэмжсэн, дэмжээгүйг хүснэгтэд харуулъя. Жич: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар уг санал хураалтад оролцоогүй юм.
№ | Зөвшөөрсөн | Татгалзсан |
1 | Р.Амаржаргал | Н.Алтанхуяг |
2 | Сү.Батболд | О.Баасанхүү |
3 | Су.Батболд | Н.Батбаяр |
4 | Ж.Батсуурь | Н.Батцэрэг |
5 | Д.Батцогт | Д.Бат-Эрдэнэ |
6 | Р.Бурмаа | Г.Баярсайхан |
7 | С.Ганбаатар | С.Баярцогт |
8 | Д.Дэмбэрэл | Б.Болор |
9 | Д.Лүндээжанцан | Д.Ганбат |
10 | Ц.Нямдорж | Д.Ганхуяг |
11 | Д.Оюунхорол | Р.Гончигдорж |
12 | Я.Содбаатар | Д.Зоригт |
13 | Д.Сумьяабазар | С.Оюун |
14 | Д.Хаянхярваа | Ц.Оюунгэрэл |
15 | Л.Цог | Я.Санжмятав |
16 | З.Энхболд | Ш.Түвдэндорж |
17 | Л.Энх-Амгалан | Д.Тэрбишдагва |
18 | Н.Энхболд | Г.Уянга /санал хураалтад оролцоогүй ч ирцээ бүртгүүлсэн учраас татгалзсанд тооцов/ |
19 | Ж.Эрдэнэбат | С.Эрдэнэ |
20 | Ж.Батзандан | Л.Эрдэнэчимэг |
21 | Х.Баттулга | Д.Арвин |
22 | Б.Бат-Эрдэнэ | А.Бакей |
23 | С.Бямбацогт | Г.Батхүү |
24 | Ц.Дашдорж | М.Батчимэг |
25 | М.Зоригт | З.Баянсэлэнгэ |
26 | Н.Номтойбаяр | Ц.Баярсайхан |
27 | Ё.Отгонбаяр | Л.Болд |
28 | Д.Сарангэрэл | Х.Болорчулуун |
29 | О.Содбилэг | Л.Гантөмөр |
30 | А.Тлейхан | Б.Гарамгайбаатар |
31 | Ч.Хүрэлбаатар | Ц.Даваасүрэн |
32 | Б.Чойжилсүрэн | Б.Наранхүү |
33 | Ж.Энхбаяр | Ц.Оюунбаатар |
34 | М.Энхболд | Ч.Сайханбилэг |
35 | Ө.Энхтүвшин | М.Сономпил |
36 |
| Х.Тэмүүжин |
37 |
| Ч.Улаан |
38 |
| Ц.Цолмон |
39 |
| Д.Эрдэнэбат |
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар гишүүдийн байр суурийг сонслоо.
"Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:
-УИХ-ын гишүүд ухаалаг төрийн төлөө явах нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр үүнийг шуурхай шийдвэрлэх хугацаа биш байна гэдэг дээр УИХ-ын гишүүдийн олонхи хариултаа өглөө. Одоогийн байгаа хууль эрхзүйн орчинд Үндсэн хуулиас эхтэйгээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших боломжтой гэсэн заалт байдаг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байхад жижиг, сажиг өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой байх вэ гэдгийг бодолцсон байх. "Давхар дээл"-ийн асуудал гэнэт өнөөдөр бий болсон зүйл биш. Парламентийн үе үеийн бүрэн эрхийн хугацаанд байсан асуудал. 1998-1999 он, 2000 оноос хойш "давхар дээл"-тэй л байсан. Одоо биш Үндсэн хуульд өөрчлөлт орсны дараа энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэдэг дээр олонхи гишүүд санал нэгдлээ гэж харж байна. Цаашид Үндсэн хуулинд заасан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болно гэсэн заалтад өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Ухаалаг төр рүү хурдан шилжилж, Монгол төрийн данхайсан бүтцийг өөрчлөе гэж энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан. Харамсалтай нь, эрх мэдэл албан тушаалдаа эрх баригч нар дуртай байгаа юм байна. Аргагүй л вакум орчинд байна гэж харж байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл унаж байгаа нь харамсалтай байна. УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавихад сөргөөр нөлөөлж байсан учраас энэхүү хуулийн төслийг анхнаас нь дэмжсэн. Ерөнхий сайд чиг үүргийн сайд нартайгаа үлдээд, бусад сайдынхаа асуудлыг долдугаар сар хүртэл шийдээд явж болох байсан. Гэтэл өнөөдөр та нар хар л даа. Сайд нар чуулганд суудаггүй атлаа өөрсдийн асуудлыг хэлэлцэхээр бүгдээрээ ирээд суучихсан байх жишээтэй. Байдал ийм л байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Монгол Улсын түүхэнд эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн төсөл унаж байсан түүх байхгүй гэдгийг УИХ-ын дарга санал хураалтын өмнө хэлсэн. Засгийн газрын 17 сайд "давхар дээл"-тэйгээ байхаар үлдэж байна. Олон албан тушаал зэрэг хашдаг байдлаар цаашид явна гэж олонхи шийдлээ. Бид "давхар дээл"-ийг тайлна гэдэгт саналаа өгсөн. Харамсалтай нь, дөрвөн саналын зөрүүгээр төсөл уналаа. Гэхдээ олонхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Монголны улс төр, засаглалд нүүрлэсэн энэ хямралыг арилгахын тулд эцэс хүртэл нь явна гэж хэлмээр байна.
Г.ДАРЬ, Ш.ОЧ