Идэрийн эх хэлний олимпиад нийгмийн хариуцлагатай үйл хэрэг

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Идэрийн эх хэлний олимпиад нийгмийн хариуцлагатай үйл хэрэг

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн сан”-гийн зөвлөх,  зохиолч Баастын Золбаяртай ярилцлаа.


-Идэрийн эх хэлний олимпиадаа танай сан уламжлал ёсоор зохион байгуулахаа зарласан байна билээ. Энэ үйл ажиллагаа чинь гэгээрэл боловсролын бодьтой сайхан үйлс юм билээ. Бас ч чамгүй хүлээлт үүсгэдэг болжээ дээ…

-Хаврын хаварт эх хэл, соёлоо хэмээн хүндэтгэн дээдлэх үзэл санаа бүхий нас насны хүмүүсийн нэгэн сайхан цугларал, чуулган Завхан аймгийн Идэр суманд болдог нь нэгэнт хэвшиж дадлаа. Идэрийн эх хэлний олимпиад ирэх сарын 12-14-нд зохион байгуулагдана. Энэ үйл ажиллагааг хүлээдэг газар газрын багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч багачууд жилээс жилд нэмэгдэж байна. Энэ олимпиадын үндсэн утга агуулга, зорилго чиглэл болсон эх хэлээ төгс сайн эзэмших, сурч боловсрох, шалгарал сорилд тэмцэлдэх идэвх зүтгэл нь ингэж цар хүрээг нэмж байгаа юм. Хөдөөгийн алслагдсан сум сууринд насаараа ард түмний хүүхдэд эрдэм мэдлэг зааж, хичээнгүй ажиллаж ирсэн багш олон. Тэдний нэг, ардын боловсролын тэргүүний ажилтан Лутын Лхагважав гуай өөрийн ухамсарт үйлс амьдралынхаа бүх цаг үед Завхан аймгийн хөдөөгийн сургуулиудад монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан хүн. Ийм багшийн үлгэр заавар, эрдэм мэдлэгээр эх орны үе үеийн нэр төртэй залгамжлагчид хүмүүжиж боловсорсон. Лутын Лхагважав багшийн нэрэмжит Идэрийн эх хэлний олимпиад бол эх хэлээ дээдлэн, сурч боловсрох замаар, тусгаар тогтнол, өв соёлын дархлааг бэхжүүлж байгаа нийгмийн хариуцлагатай үйл хэрэг юм.

-“Үлэмж эгшиглэн сан”  эх хэлний боловсрол, соёлыг дэмжих уриатай. Үүнийг ч тодорхой ноттойгоор биелүүлж байгааг нийгэм харж байгаа байх.

-Монголын  сурагчид, оюунтан залуус ертөнцийн боловсрол, хэл, дэг горимоос өнөөдрийн мэдээлэл технологийн үрээр хангалттай хүртэж байна. Англи хэлийг мэддэггүй хүн бараг үгүй болж. Цахим техникийн ололтыг өдөрт нь хэрэглээгээ болгож байна. Энэ их мэдээлэл, мэдлэгэн далай дотроос, харин, эх хэлээ, эх соёлоо л  өөртөө шингээж авч үлдэх нэн амаргүй болсон нь хэн хүний аюух, түгших зүйл болсоныг нийгмээрээ зөвшөөрч байгаа шүү дээ. Монголоороо зөв, яруу төгөлдөр, илэрхийлэл төгс бичиж, боловсорч гэмээнэ монгол сэтгэл, сэтгэлгээ хадгалагдана. Энэ дархлааг хангах, тэтгэгч байхын тулд манай сангийн үйл ажиллагаа чиглэдэг. Авьяас билэгт залуусыг нээн илрүүлэх, сэтгэх чадварыг нь таних, улмаар шалгаран тэргүүлэгч хүүхдүүдийг сургалтын нь зардлыг даах, бусад олонд нь үлгэр дуурайллыг бий болгохыг хичээж, олимпиадын хүрээнд эсээ бичлэгийн, мөн “Яруу сэтгэе” шүлгийн уралдаануудыг  зохион явуулдаг. Энэ уралдаануудаас шалгарсан хүүхдүүд гадаад, дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгааг тэмдэглэхэд таатай. Багш нарын дунд өрсөлдөөн идэвхжүүлж, монгол хэл, бичгийн олимпиад зохион явуулдаг нь чанар чансаатай аа. Олимпиадад түрүүлж, тэргүүлдэг багш нар маань улсын олимпиадад мөн тэр байр чансаагаа хадгалдагийн тодорхой жишээ бол Говь-Алтайн Есөнбулагийн багш О.Сүнжидмаагийн амжилт юм. Хөвсгөлийн Мөрөнгийн Д.Доржпагам багш, Увсын Улаангомын М.Мягмаржав багш байна. Олон доо. Өнөө жил Идэрийн олимпиадын хүрээ өргөжиж Завхан,Увс, Ховд, Архангай, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговийн багууд оролцохоор одоогоор мэдэгдээд байна. Улаанбаатараас ч багш нар оролцох мэдээтэй. Ер нь мөдхөн бүх Монголын эх хэл, бичгийн олимпиад болох нь дамжиггүй. 2009 оноос хойш “Үлэмж эгшиглэн сан” уг арга хэмжээг гардан зохион байгуулсанд зургаан аймгийн үлэмж тооны багш сурагчид оролцож, сангаас 300 орчим сая төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.

-Олимпиадын цар хүрээ нэмэгдээд байгаагийн учир юунд байна?

-Аливаа бодьтой, шударга үнэн тэнхлэг нь болж буй зүйл дэвжин дэвшдэг. Идэрийн олимпиадын шалгаруулалт, зохион байгуулалтад энэ л зарчмууд үйлчилдгээс тэр болов уу. Монгол хэл, бичгийн тэргүүлэх эрдэмтэд шалгалтын сорил материалыг нягт боловсруулж, олимпиад эхлэхийн өглөө сэдвийг сангийн тэргүүн задалж нээдэг, шалгаруулалт ямар ч будлиан, элдэв эргэлзээ байдаггүй.  Нөгөөтэйгүүр Монголд эх хэл, боловсрол, тархи, оюун санааны үнэлэмж булчин шөрмөсний амжилтаас дорд үнэлэгддэг зохисгүй үнэлэмжийг олимпиадийг зохион байгуулагчид өөрчлөхийг хүсч байгаа. Шагналын хэмжээг жил бүр нэмж, энэ жил түрүүлсэн багш гурван сая төгрөг, нэг сая төгрөгийн өртөг бүхий “Багш дор мөргөмү” хорин цэн мөнгө, нэг цэн алтаар урласан эрдэнийн тэмдэг хүртэхээр болгож шийдвэрлэсэн. Ер нь, тун ойрмог, хоёр гурван жилээс түрүүлсэн багш боломжийн сайн, товир суудлын машинаар шагнуулаад унаад явах тийм үнэлэмжид хүргэхийг сангийн тэргүүн, удирдах зөвлөл ярилцаж байна. Бас алслагдмал хол нутгийн байдал, эдийн засгийн чадавхийг бодолцож,  оролцогч баг бүрийн унааны шатахууны зардлыг сангаас олгодог нь ихээхэн дэм болдгийг хэлдэг.  Оюун санаа л бие сэтгэлээ удирддаг. Монголд оюун санаагаа дээдлэх, үнэлэмжийг нь шинэ түвшинд хүргэх асуудал нэн чухаг байна. 

-Олимпиадын хүрээнд их олон зохиолч, сэтгүүлч, эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцдог юм билээ.

-Идэрийн олимпиадын аяс хөг их сайхан. Хоёр гурван өдөр  цугларсан олон эрдмийн, соёлын баяр л  энэ байдаг болов уу гэж чин сэтгэлээсээ хэлэх цаг тоо тэнд болж өнгөрдөг. Зохиолчид сайхан уулзалт хийнэ, шүлэг зохиолоо уншина,  урлаг соёлынхон тоглолтоо толилуулна, сурагч багачууд, багш нар танилцана, туршлага солилцоно,үдэшлэг зохиогдоно, ер бүхий сайн сайхан Идэр мөрний хөвөөнд өрнөнө шүү дээ. Нэг сайхан зөв, алтан эрчим хүчний эргүүлэг тэнд бүрддэг. Үүтгэл, сэдэл нь өөрөө эх хэл, соёл боловсролоосоо эхтэй болохоор аялагхан байдаг юм. Идэрийн хөвөөнд ийм нэг эрдэм боловсролын чуулган болдгийн зочид, зохиогчид нь найрагч, зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Д.Цэнджав,  Ц.Бавуудорж, Х.Чилаажав, А.Мягмаржав, Б.Батхүү, Г.Мөнхцэцэг, Н.Гантулга, эрдэмтэн Д.Галбаатар, Д.Баттогтох, Б.Элбэгзаяа, Ё.Эрдэнэцэцэг, Ө.Оюунхүү, Г.Ариунжаргал, Л.Амарбат, гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, дуучин Д.Баасанжав, дуурийн дуучин Э.Бумхүү, Б.Баатархүү гээд нэрлэвэл олон хүн бий.  Энэ бүх хүмүүн өөр өөрийн эерүү дулаан хандлага, аялгуу авиа, хөг тарни, эрдэм боловсрол, үлгэр дуурайлалаа түгээж, Идэрт цугласан багш сурагчид ч тэдэнд гэгээн сайхан авьяас чадвар, урам зоригоо дээжилдэг нь утга учир, дэвшил хөгжилтэй.

-“Үлэмж эгшиглэн сан” –гийн цаашдын үйл ажиллагаанд ямар зорилтууд тавигдаж байна вэ?

-Ярилцлагын эхэнд цухас дурдсан даа, өнөөдрийн нийгэмд уламжлал, соёлоо хадгалсан монгол хүнийг төлөвшүүлэхэд сан үйл ажиллагаагаа зориулна. Монголын залуус ном унших хэрэгтэй. Номоос хамгийн сайн сайхан, гоо зүй, хүмүүжил, эгээрэл гэгээрэл, амьдралын бүхий л туршлагыг олж авдаг. Манай сан Монголын олон зохиолчийн номыг ивээн санхүүжүүллээ. Дэмжиж ажиллаж байна. Эх хэлээ монголын залуу үе төгөлдөр сайн сурч байж, дараагийн боловсрох гишгүүр болсон гадаад хэлээ үзэх хэрэгтэй. Үүний тулд идэвхтэй унших, яруу сайхан үг хэлээ амьдрал, зам мөртөө хэвшүүлэн хэрэглэж дадах хэрэгтэй. Монголоороо байх, уламжлалаа мэдлэг болгоныхоо дэвсгэр болгож харах хандлагад нут занших нь эрхэм чухал. Монголчуудын оюун соёлын эрэмбэ, дараалал, үнэлэмжийг зөв голдиролд нь оруулмаар байна. Энэ бүхний төлөө чадах чинээгээр сангийн үйл ажиллагаа чиглэгдэж байх болно оо. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж