Чуулган: Үдээс өмнөх хуралдааны тойм

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Чуулган: Үдээс өмнөх хуралдааны тойм

УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлууд дунд олны анхаарал татаж буй халуун сэдвүүд байгаа нь Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төсөл зэрэг асуудал багтжээ. Чуулганы хуралдаан 09.30 цагт эхэллээ.

Хэлэлцэх асуудлын дараалал ийм байв:

  • 1. “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
  • 2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
     
  • 3. “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
  • 4. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/:
  • 5. “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
  • 6. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, анхны хэлэлцүүлэг/:

 

09.30 ЦАГ: ЭХНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд ашигт малтмалын хайгуулыг сэргээх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуулийг батлах, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг эрчимжүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах зэрэг санал гаргаж олонхийн дэмжлэг хүлээсэн байна.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар "Бага, дунд орлоготой иргэдийн Хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-ыг хөнгөлөх”, "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх", УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар "Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулъя", "Төрийн байгууллагын албан тушаалтан баяр ёслол, ойн арга хэмжээний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргахыг хориглоё", "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоё" гэсэн горимын санал гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Зоригт тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх үеэрээ онцоллоо. Ингээд УИХ-ын гишүүд дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор сонирхсон асуултдаа хариулт авав.

10.40 ЦАГ: АСУУЛТ, ХАРИУЛТ ҮРГЭЛЖЛЭВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлэв

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд банкны зээлийн хүү өндөр байгаад шүүмжлэлтэй хандаж, банкны салбарыг либеральчлах талд шийдвэртэй алхам хийх цаг болсныг сануулж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Гэр бүлийн хэдэн банк инкубаторын орчинд 20 шахам жил явлаа. Маш өндөр хүү тавьдаг иргэд, аж ахуйн нэгжүүд бизнес хийе гэхэд хамгийн бага хүү жилийнх нь 18 хувь. Дээр нь валютын ханш өссөөр 1802 төгрөгтэй тэнцлээ. Удахгүй ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэхийг үгүйсгэх аргагүй. Хариуцлагыг нь хүлээхгүй юм уу, энэ асуудлыг төв банк, Ерөнхий сайд нартай ярих л ёстой. Хэдий болтол банк санхүүгийн хатуу орчныг УИХ нь дэмжсээр байх вэ” гэлээ. Мөн үүнтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат санал нэг байгаагаа илэрхийлж “Банкны өндөр хүүнээс болж манай сонгогчид, малчид өр зээлэнд баригдаж дууслаа. Хэдий болтол ийм өндөр хүүтэй зээлээр бизнесийн орчинг гоё болгоно гэж ярих юм бэ” хэмээв. 

Түүнчлэн эдийн засаг хямралтай байгаа үеийг ашиглаж Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хумих, өөрчлөхийг зорьж байгаа нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд асуудлыг нухацтай нягтлах, тэр бүү хэл Засгийн газарт хамтарч байгаа асуудлаа эргэж харах гээд нэлээд зүйл үүсч буйг УИХ-ын гишүүн Г.Уянга хэллээ. Тэрээр мөн баялаг бүтээгч гэж уул уурхайн салбарынхан тэр дундаа ашигт малтмал олборлогчдыг хэлэхгүй. Харин шаахай үйлдвэрлэж байгаа иргэнийг баялаг бүтээгч хэмээн нэрлэнэ гэж тодотголоо.

 12:30 ЦАГ: "ШУДАРГА ЁС" ЭВСЭЛ ЗАВСАРЛАГА АВЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдэв. Завсарлага авах болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүссэнтэй холбоотой хэмээн "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон юм. Тиймээс УИХ энэ асуудлыг хэлэлцэхийг түр азналаа, мөн цайны цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах болж байна.

Чуулганы хуралдаан 14.00 цагаас үргэлжилж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.


Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж