Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өнөөдөр агаарын чанар хянах харуулуудыг ашиглаж буй явц байдалтай танилцлаа. Харуулууд нийслэлийн агаар дахь түгээмэл тархалттай бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын ислүүд, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, озон, тоосонцор зэргийг минут тутам хэмжиж, мэдээллийг төв серверт дамжуулснаар агаарын бохирдлыг цаг тухайд нь шинжлэх боломж бүрдүүлдэг. Түүнчлэн, хөдөлгөөнт харуул нь тухайн цэг болон агаар бохирдуулагч эх үүсвэрээс агаарт хаяж буй бохирдуулагч бодисыг хянаж мэдээлдэг юм байна. УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт Агаарын тухай хууль, Агаарын чанарын тухай хуулийг хэлэлцэнэ. Сүүлийн гурван жилд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт агаарын чанар хянахад зориулсан хөрөнгө оруулалт багагүй хийгээд байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын чанарыг 10-аад үзүүлэлтээр хянаж хэмждэг иж бүрэн таван суурин, нэг хөдөлгөөнт харуулыг Франц улсын зээлээр авахаар тохирсон байгаа аж. Одоогоор эдгээрийг угсран шалгалтын төвшинд ашиглаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард албан ёсоор хүлээн авах гэнэ.
Д.Долгор