Хурандаагийн засаглал

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Хурандаагийн засаглал

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч даваа гаригт хуралдаж хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахгүй гэсэн шийдэлд хүрсэн билээ. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар хуралдаж, тус байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүний 13 нь /санал өгсөн нь 15/ түүнийг огцруулахаар дэмжсэний дараа шүү дээ. Хэрэв УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрөгч баасан гаригт буюу байнгын хороо хуралдсаны маргааш уг асуудлыг хэлэлцсэн бол магадгүй Х.Тэмүүжин сайд өдийд тамгаа өгч байх байсан биз.


 

Байнгын хороо, намын бүлэг хоёр дээр хоёр өөр шийдэлд хүрсэн уг асуудлыг маргааш нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.

Хэдийвээр УИХ-д 34 суудалтай Ардчилсан намын бүлэг уг асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрсэн ч чуулганы хуралдаанаас ямар үр дүн гарахыг урьдчилан хэлэх аргагүй. МАН-ын 25 гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Хэдий хувь хүнийхээ хувьд гутамшигтай байвч намынхаа шийдвэрийг дагана, сөрөг хүчин сөрөх л үүрэгтэй шүү дээ гэдгээ тус намын гишүүд хэлж байгаа. Тэдний хувьд Х.Тэмүүжиний хийж буй шинэчлэл зогсох эсэх огтхон ч хамаагүй. Харин Засгийн газар тогтворгүй байх нь сөрөг хүчинд ашигтай. Ийм ил тодоор зорилгоо хэлж байгаа сөрөг хүчнийг буруутгах аргагүй. Ер нь бол “муухай харлаа”, эсвэл “таалагдахгүй байна” гээд ч кноп дарах эрх нь тэдэнд бий юм чинь.
 
Харин Засгийн газарт хамгийн олон суудал эзэлж, хариуцлага хүлээж байгаа Ардчилсан намын гишүүд, ялангуяа танхимынх нь сайд нар Байнгын хорооны хуралдаан дээр кабинетийнхаа нэг гишүүний эсрэг санал өгсөн нь олон нийтийн гайхшийг төрүүлсэн. Хэдийвээр Ардчилсан намын бүлэг “Х.Тэмүүжинг огцруулахгүй” гэдэг шийдэлд хүрцгээсэн ч нэгдсэн чуулганаар Байнгын хорооноос гарсан огцруулах тухай шийдвэрээр л санал хураалгаж таарна. Нэгэнт уначихсан саналыг дараачийн шатны хэлэлцүүлгээр босгож ирэх хэцүү гэдгийг өчигдөр “давхар дээл тайлах” асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан шийдвэр бэлхнээ харуулсан билээ.

Хоёрдугаарт, өмнө нь Байнгын хороон дээр санал өгсөн Ардчилсан намын зургаан гишүүн нэгдсэн чуулган дээр дахиад огцруулах товчлуур дарахгүй гэх баталгаа байхгүй. “Х.Тэмүүжинг огцруулахгүй” гэсэн Ерөнхийлөгчийн амлалтын хажууд тэдний өмнө байгаа товчлуур илүү бодитой эрх мэдэл юм. Тиймээс хууль зүйн салбарын шинэчлэлийг түүчээлж яваа Х.Тэмүүжин сайдын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй, хүзүүндээ олстой хэвээр яваа гэсэн үг. Маргаашийн нэгдсэн чуулган хүртэл.
 

Гэхдээ олон нийтийн хувьд хэний хүзүүнд олс байхаас илүү олсны үзүүрийг хэн атгаж байна гэдэг асуулт анхаарал татаж, түгшүүр төрүүлж байна. Учир нь Х.Тэмүүжин сайд одоогоос сар хагасын өмнө өөрийнх нь удирдлагад ажилладаг цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтнууд өөр дээр нь “гүйцэтгэх ажил” явуулсан тухай мэдээллийг хэвлэлээр цацсан. Бүтэн гурван сарын өмнөөс эхэлсэн гэж байгаа. Ямар шалтгаанаар гэдгийг нь өөрөө ч мэдээгүй, цагдаагийнхан ч тайлбарлаагүй. Гэнэт л нэг өглөө “Хууль зүйн сайд хар тамхины бүлэг хэрэгтэнтэй холбоотой” гэх нэг эх сурвалжаа нууцалсан, ижил утгатай мэдээллийг өдөр тутмын зарим сонинууд дугаар алгасалгүй тавьж эхэлсэн билээ.

Уг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгээр түүний захидал харилцаа, утсан холбоо, гэр орон, албан өрөө гээд бүгд хамгаалагдсан байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь УИХ-аас түдгэлзүүлээгүй тохиолдолд хэн нэг этгээд төрийн нэр бариад түүнийг зөрчиж болохгүй л гэсэн үг. Тэр тусмаа сайд өөрөө “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, тагнаж чагнасан явдал нь хууль зүйн үндэстэй эсэх талаар шалгаж өгнө үү” хэмээн прокурорт хүсэлт гаргачихаад тэр шалгагдаад явж байтал УИХ-ын байнгын хороо гэнэт нэг өдөр ажил тарсан хойно ухасхийж хуралдаад огцруулах шийдвэр гаргачих жишээтэй.

Уг нь бол хууль журмынхаа дагуу Хууль зүйн сайд дээр явуулсан гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн үндэстэй эсэх талаар эхэлж шалгах, дараа нь гүйцэтгэх ажлын явцад авагдсан мэдээлэл үнэнд хэр нийцэж байгаа эсэх талаар ярих ёстой л доо. Үүний дараа Х.Тэмүүжин сайдын огцруулах эсэх асуудлыг ярьж болно. Гэтэл гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан цагдаагийн хурандааг саатуулах сургаар Монголын төр тэр аяараа ганхах нь тэр. Монгол “цагдаагийн вант улс” болсон гэдэг үнэн байна. Хөрөнгөжсөн хурандаа нарын хүч чадал, тэднийг цагдаагаас зайлуулах шалтгаан ч бас энэ юм байна. Хэрвээ Монголын төр цаашдаа хуульгүй цагдаадаа дөрлүүлээд, хуультай болгох гэсэн хэн нэгнийгээ барьж идээд явах юм бол нөгөө өнөөдөр Хууль зүйн сайдаа хэн ч биш болгож чадаж байгаа цагдаагийн хэдэн хурандаад маргааш 76 гишүүн юу юм бэ? Юун УИХ-ын гишүүний халдашгүй байдал энэ тэр. Хурандаа нарын “захиалсан хөгжмийг” тоглоод явж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө дараачийнх нь хохирогч болохыг хэн үгүй гэх юм. Нэг УИХ-ын гишүүнийг тагнасан цагдаагийнхэн нэлээн хэдэн улс төрчийг, цаашлаад төрийн гурван өндөрлөгөө ч тагнаж чагнаагүй гэх баталгаа хаана байна. Өнөөдөр чагнаж мэдсэнээ маргааш аль нэг улсын Элчин лүү бариад гүйхийг хэн байг гэх юм.
 

Харин ч Х.Тэмүүжин гэдэг хүн улс төрд харьцангуй шинэ, залуу хүн гэдэг утгаараа энэ хэмжээний эрсдлийг өөр дээрээ аваад өөрчлөлт хийх гэж зүтгэж байгаа нэгэн. Ер нь тэгээд ч цагдаагийнхны тагнаж чагнасан хэрэг ганц Хууль зүйн сайдаар зогссон гэж хэн хэлээд байгаа юм. Өмнө нь хувийн өмч, хөрөнгө чинээтэй хэсгийг нь тагнаж чагнах замаар “но”-г нь атгаж, үүгээрээ далайлган бизнесийг дээрэмдэж, хөлжиж бэлждэг байсан нөхдүүд энэ арга хэрэгслээсээ хагацахдаа хүрээд ирэхээр Монголын улс төрөөр, бүхэл бүтэн улс төрийн намаар хүртэл наадаж эхэллээ л дээ.

Б.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж