УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбоо хамтран өнөөдөр Төрийн ордонд “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудаас гадна ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа ярилаа.
Монгол Улс жилдээ 7000 тонн түүхий ноолуур бэлтгэх чадалтай ч дийлэнх хувийг урд хөршийн ченжүүд мөнгөөр “зодон” авдаг байна. Уг нь ноолуурыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолбол Монгол Улсад валют их хэмжээгээр орж ирэх бололцоотой аж. Тиймээс эхний ээлжинд үйлдвэрлэгчид хямд хүүтэй зээл авдаг байх, утас ээрэх үйлдвэрийг олноор байгуулах шаардлага үүсч байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан онцоллоо.
Нөгөө талдаа гадаад зах зээлд ноолууран бүтээгдэхүүнээ сайн талаас нь сурталчлах зайлшгүй шаардлагатай аж. Сурталчилгаа муугаас ижил төрлийн экспортын бүтээгдэхүүнд цохигддог гэдгээ үйлдвэрлэгчид нуусангүй. Хэрэв ноос, ноолуурын салбарыг хөгжүүлж чадвал ажлын байр хамгийн ихээр бий болгох боломжтой юм байна.
Одоогийн байдлаар тус салбарт 6000 иргэн ажилладаг. Үйлдвэрийг өргөтгөх, утас ээрэх зэрэг үйлдвэрийг шинээр байгуулснаар дээрх хэмжээний ажиллах хүчин мөн шаардана. Гэхдээ энэ салбарт ажиллах хүний нөөц хангалттай бус. Их, дээд сургууль төгссөн нь тус салбарт ажилладаг ч удалгүй өөр салбарт ажиллахаар явдаг гээд тогтвор суурьшилтай ажиллах, ажиллах хүчин дутагдаж байгааг энэ үеэр салбарынхан хэллээ.
Г.ДАРЬ