“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацсан хэрэг дуулиан тараад байгаа.
Жүжигчин Д.Оюунтуулын бие маш хүнд байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа тул бид эмнэлэгт нь очиж түүнтэй уулзсан юм. Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргаан дэгдэн жүжигчин Д.Оюунтуул түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэсэн мэдээлэл өчигдөр тархсан. Харин өнөөдөр жүжигчин Ц.Алдармаа “Оюунтуул эхлээд над руу халуун ус цацсан. Би ч гэсэн түлэгдсэн, хохирогч. Би ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа” гэж ярьсан.
Харин продакшны ахлагч жүжигчин Бооёо “Тэд хувийн асуудлаас болж маргалдсан. Аль аль нь гомдол гаргаагүй, юунаас болж маргасныг би мэдэхгүй” гэсэн мэдэгдэл хийснийг хүмүүс нэг жүжигчин нь гэмтчихээд байхад арай л хөндий, хүйтэн хандаж, өөрийгөө хамгаалж байна гэсэн шүүмжлэл дэгдээгээд байгаа.
Д.Оюунтуулын нурууны хэсэг нь тэр чигтээ түлэгдсэн зураг ч мөн олны өмнө ил болсон. Түүний бие 65 хувийн түлэгдэлтэй гэсэн мэдээлэл гараад байгаа бөгөөд энэ үнэн бол амь насанд нь ч эрсдэл учруулж болохуйц хүнд гэмтэлд тооцогддог гэж мэргэжлийн эмч нар хэлж байна. Түлэнхийн төв байрлаж байгаа “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд очиход мэдээж биднийг дотогш оруулахгүй байлаа. Жүжигчин Д.Оюунтуул хэнтэй ч уулзаж, ярилцлага өгөх боломжгүй байгаа гэж тасаг руу нь орохыг тэндхийн эмч, ажилчид хориглож байсан ч ямартаа ч бид өрөөнд нь орж, цөөн үг солилцлоо.
Алаг нүдэн, хөөрхөн жүжигчин бүсгүй үнэхээр бие нь хүнд, шаналалтай байгаа нь андашгүй харагдаж байсан. Зөвхөн нуруу ч биш цээжин бие нь ч түлэгдсэн бололтой, битүү боолттой, хэвтэх ямар ч боломжгүй байгаа бололтой гартаа шингэн залгаастай зогсч байлаа. Түлэгдсэн цагаасаа хойш ингэж аргагүй эрхэнд босоо байгаа бололтой.
Хэдийгээр хэн ч харсан эмзэглэмээр, бие нь ч их хүнд шаналгаатай байгаа нь харагдаж байсан ч бид түүнээс ярилцлага авахыг хичээсэн. Харамсалтай нь, “Таны биеийн байдал ямар байна” гэсэн асуултад “Үнэхээр мэдээлэл өгөх боломжгүй байна. Би дараа нь албан ёсоор мэдэгдэл хийнэ” гэхээс өөр зүйл хариулсангүй, хариулах ч боломжгүй байлаа.
Зөвхөн энэ хариултыг сонсож амжсаны дараа бид өрөөнөөс нь гарахаас өөр аргагүй болсон. Түүнийг сахиж байгаа, эгч нь бололтой бүсгүй биднийг өрөөнөөс гарах шаардлага тавилаа.
Арга ч үгүй, хэн ч гэсэн хүн ийм байдалд сэтгүүлчдийг хөөхөөс ч яахав. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.