Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулна

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулна

Дэлхийн банкны “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан” – гийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдаж, энэ чиглэлээр 30 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглахаар боллоо.


Эрчим хүчний яамны урилгаар дээрх хөрөнгө оруулалтын нөхцөл боломжийг үнэлэх үүрэг бүхий Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн банк (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банкуудын нэгдэл)-ны шинжээчид дөрөвдүгээр сарын 28-наас  5 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод ажиллаж байгаа аж. Тэд энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд, банк санхүү болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй цуврал уулзалт зохион байгуулах юм байна.


Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн банкны төлөөлөгчдийг  Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт өчигдөр хүлээн авч уулзсан байна.


Уулзалтын эхэнд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төрөөс баримтлаж буй бодлого, стратегийн төлөвлөгөө, хөгжлийн өнөөгийн түвшин болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжид нарны энергийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төсөл, хот суурин газрын агаарын бохирлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглах, эрчим хүч нөөцлөх тухай төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.  


Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн банкны төлөөлөгчдийг ахлаж яваа Азийн хөгжлийн банкны Тогтвортой дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Живан Ачария “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан” болон “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн талаар тодорхой мэдээлэл өгч Монгол Улсын Засгийн газраас байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн банкнууд дэмжиж туслан хамтран ажиллах болно. Энэ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай хөрөнгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох боломжтойг онцлоод цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэв.


Уулзалтад сайдын зөвлөх Д.Баярхүү, ЭХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар болон бусад газар хэлтсийн дарга нар байлцжээ.


Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж